Петровис О.Содбилэг, Шунхлай Ж.Мөнхнаран нар Оросуудтай хэлцэл хийхээр явсан ч ЗГ, УУЯ-наас хамт яваагүй байна

2021-09-23 17:38

"ОХУ-аас шатахууны талаар нааштай хариу ирсэн" тул Засгийн газрын ээлжит бус хурал хойшилжээ

Өнөөдөр /2021.09.23/ Засгийн газрын ээлжит бус хуралдаан 15.00 цагт товлогдоод байсан ч хойшилжээ. Хуралдаанаар шатахууны хомстол зэрэг цаг үеийн 2-3 асуудлыг хэлэлцэээр төлөвлөөд байжээ.

Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар "ОХУ-аас шатахууны асуудлаар нааштай хариу ирсэн тул Засгийн газрын ээлжит бус хуралдаан хойшилсон байна. Мөн хуралдаанаар хэлэлцэх байсан бусад асуудлуудыг журмаар зохицуулагдах боломжтой" гэж үзсэн байна. 

2021-09-23 16:56

О.Содбилэг: Роснефтээс бензин авахаар боллоо

Шатахуун борлуулдаг хувийн хэвшлийн төлөөлөл болж Петровис компанийн захирал О.Содбилэг, Шунхлай компанийн захирал Ж.Мөнхнаран нар Москва хотод хүрэлцэн очиж, ОХУ-тай хэлцэл хийж байгаа талаар бид мэдээлсэн билээ.

Тэгвэл энэ талаар О.Содбилэг өөрийн твиттер хуудастаа, “Роснефть компанитай уулзаж байна. 9 сард 1500тонн 92 бензин, 10-р сард 44к тонн 92 бензин, 9-р сард ачигдаагүй байсан 10к тонн 92 бензин авахаар боллоо” гэжээ.

2021-09-23 08:01

Петровис О.Содбилэг, Шунхлай Ж.Мөнхнаран нар Оросуудтай хэлцэл хийхээр явсан ч ЗГ, УУЯ-наас хамт яваагүй байна

Манай улс шатахууны хомстолд ороод байна. Энэ байдал ирэх аравдугаар сарын 01-ны өдөр, цаашлаад аравдугаар сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжилж магадгүй талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Иймд бид шатахууны импортлогч компаниудын төлөөллүүдээс дараах мэдээллийг цуглууллаа.

-“ШАТАХУУНЫ ХОМСТОЛ ҮҮСЭХ ГЭЭД БАЙНА” ГЭЖ АНХААРУУЛСААР БАЙТАЛ УУЛ УУРХАЙН ЯАМ, АМГТГ ЗЭРЭГ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД ҮЛ ТООЖ БАЙЖЭЭ-

Тодруулбал, өнгөрөгч Долдугаар сарын сүүлээр ОХУ-ын тал дотоодын зах зээлийн нийлүүлэлт, үнийн нөхцөл байдлаас хамаарч шатахууны экспортод түр хориг тавих талаараа мэдэгдсэн байна. Иймд манай шатахуун борлуулагч компаниуд энэ талаар Уул уурхайн яам болоод АМГТГ /Ашигт малтмал газрын тосны газар/-т мэдэгдэж анхааруулсан ч, тэд хариу арга хэмжээ авалгүй, үл тоожээ. Ингээд өнөөдрийн шатахууны хомстол үүссэн байна. Мөн шатахуун борлуулагч компаниуд дунджаар “30 хоногийн бензиний нөөц” бүрдүүлэх ёстой бөгөөд одоо нөөц шатахуунаа борлуулаад эхэлсэн, дуусахад тун ойрхон байгаа ажээ.

Тэд “нөөцөө шатахуунаа борлуулахад хүрлээ” гэдгээ ч Уул уурхайн яам, АМГТГ зэрэг төрийн байгууллагуудад мэдэгдсэн ч мөн л үл тоож байжээ.

Товчхондоо, Шатахууны хомстол үүсэх гээд байна гэж анхааруулсаар байтал төрийн холбогдох байгууллагууд урьдчилан сэргийлэх, нөөц бүрдүүлэх, өөр улсаас шатахуун худалдаж авах зэрэг ямар ч хариу арга хэмжээ аваагүй байна. Энэ талаар ч өчигдөр /2021.09.22/ болсон Засгийн газрын хуралдаанаар яригдаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Шатахууны хомстол үүсэхэд алдаа гаргасан, буруутай албан хаагчдад хариуцлага тооцож, арга хэмжээ авах үүрэг”-ийг өгсөн гэж буй.

-ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛӨЛ ОХУ-ЫН ТАЛТАЙ ХЭЛЦЭЛ ХИЙХЭЭР ЯВСАН Ч ТЭДЭНТЭЙ ХАМТ ЗАСГИЙН ГАЗАР, УУЛ УУРХАЙН ЯАМНЫ ТӨЛӨӨЛӨЛ ЯВААГҮЙ БАЙНА-

Ямартай ч шатахуун борлуулагч манай дотоодын компаниудыг төлөөлж Петровис компанийн захирал О.Содбилэг, Шунхлай компанийн захирал Ж.Мөнхнаран нарын хүмүүс уржигдар /2021.09.21/ ОХУ-ын шатахуун экспортлогч компаниудтай “хэлцэл” хийхээр тус улсыг зорьсон байна.

Харин тэдэнтэй хамт Засгийн газар, Уул уурхайн яам, Гадаад харилцааны яамны төлөөлөл яваагүй бөгөөд зөвхөн Ашигт малтмал газрын тосны газар /АМГТГ/-ын төлөөлөл хамт явжээ.

Тэд Эрхүү хотод ажлын эхний уулзалтаа хийгээд өчигдөр /2021.09.22/ Москва хотод очсон бөгөөд уулзалт нь өнөөдөр /2021.09.23/ тус хотод үргэлжлэх ажээ. Гэсэн хэдий ч тэдний хэлцэл дорвитой үр дүнд хүрэхгүй байж болзошгүй бөгөөд “жаахан шатахуун л олж ирэх байх” гэж эх сурвалж мэдээлсэн юм.

Учир нь тэд “тохиролцоо” хийх түвшний хүмүүс биш бөгөөд ОХУ-ын талтай Ерөнхийлөгч, Засгийн газрын түвшинд уулзалт хийж байж доривтой өөрчлөлт гарна.

Харин Богдхан төмөр замын төсөл, цаашлаад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн тус улсад хийсэн айлчлал зэргээс болж ОХУ манай улсад нийлүүлэх шатахуундаа хязгаарлалт тогтоосон байж магадгүй гэсэн юм.