О.Баасанхүү: Шатахууны нөөц бүрдүүлээгүйгээс хомсдол үүссэн бол үнэхээр гутамшигтай явдал. Хэлэх үг ч олдохгүй юм байна

О.Баасанхүү: Шатахууны нөөц бүрдүүлээгүйгээс хомсдол үүссэн бол үнэхээр гутамшигтай явдал. Хэлэх үг ч олдохгүй юм байна

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод шатахууны хомсдол үүсэж, иргэд багагүй бухимдаад байна. Албаныхан ОХУ болон БНХАУ-д үүссэн дотоодын хэд хэдэн хүчин зүйл, мөн иргэд нөөцөлснөөс болж шатахууны хомсдол үүссэн гэж тайлбарлаад буй. Тэгвэл УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү уг асуудлаар “Өдрийн сонин”-д ярилцлага өгчээ.

Тэрбээр “Сураг дуулдахад нөөц бүрдүүлээгүйгээс үүдэн улс даяараа шатахууны хомсдол үүссэн гэж харж байгаа. Ялангуяа хавар намрын улирал гэдэг аль ч Засгийн газрын хувьд хариуцлагатай цаг үе байдаг...Гэтэл шатахууны хэрэглээнээс иргэдийн ажил, амьдрал олон зүйл шууд хамаардаг манай улс шатахууны нөөцөө бүрдүүлээгүй байгаа нь асар хариуцлагагүй үйлдэл.

Нэгдүгээрт, менежмент байхгүй байна, хоёрдугаарт шатахууны нөөц бүрдүүлээгүйгээс шалтгаалж хомсдол үүссэн бол үнэхээр гутамшигтай явдал. Хэлэх үг ч олдохгүй юм байна.

Шатахууны хомсдолыг геополитикийн асуудлаас болсон гэж харахгүй байна. ОХУ, Монгол Улс олон жил найрсаг, нөхөрсөг харилцаатай орнууд. Одоогийнхоос хэд дахин хүнд нөхцөл байдалд ч бид бие биедээ тусалсаар ирсэн цусаар гагнагдсан найрамдалт харилцаатай улсууд. Түүнээс биш зүгээр нэг сайн муу харилцаатай хүмүүсийн хооронд шийдвэрлэдэг асуудал ч биш. Тиймээс өнөөдөр бид шатахууны хомсдолд орсноо геополитикийн асуудлаас болсон юм шиг хөрш орон руугаа хандсан буруу ташаа мэдээлэл өгөөд байх шаардлагагүй. Нөгөө талаас бизнесийн зарчмаар явж байгаа асуудалд гэрээ хэлэлцээрээ аль нэг тал нь хангаагүй бол асуудал ийм түвшинд хүрэхээс өөр аргагүй.

Миний хувьд нэг зүйлийг хардаж байгаа нь сонгуулийн үеэр тооцоолоогүй зардал шатахуун нийлүүлэгч компаниуд гаргачихсан юм биш биз дээ. Ингээд одоо алдагдлаа нөхөх гээд байгаа юм биш биз...” гэжээ.