АН-ын бүлэг: У.Хүрэлсүхийг ард түмнээсээ уучлалт гуйхыг, Л.Оюун-Эрдэнийг хариуцлагаа хүлээхийг шаардаж байна

АН-ын бүлэг: У.Хүрэлсүхийг ард түмнээсээ уучлалт гуйхыг, Л.Оюун-Эрдэнийг хариуцлагаа хүлээхийг шаардаж байна

УИХ дахь АН-ын бүлэг сүүлийн үед үүсээд буй нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат “Улс орон бензин, шатахуунгүй болчихсон нөхцөл байдал үүсээд байна. Ийм байдалтай байхад амарч, зугаалаад байж болохгүй. 76 гишүүн яаралтай цугларч хуралдах хэрэгтэй байна.УИХ-ын сонгуулиас хойш УИХ бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдсангүй.

Иймээс бид УИХ-ын дарга, олонхын бүлэгт УИХ-ыг яаралтай хуралдуулах шаардлага тавьж байна. Хоёрдугаарт, Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдад хариуцлагаа хүлээ гэдэг шаардлага хүргүүлж байна.  Гуравдугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлж байна. 2021 оны гуравдугаар сарын 1-ээс хойш МАН-ын 100 жилийн ойн баяр тэмдэглэж, Драмын театрт халдвар тархах нөхцөл байдлыг бий болгосон. Үүний дараа Ерөнхийлөгчийн институцээс удаа дараа одон медаль, тарааж олон хүн цуглуулан халдварыг хавтгайруулсан. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль гэж хөдөө орон нутгаар явж халдварыг тараасан. Мөн уул овоо тахих нэрийдлээр халдварыг гааруулсан. Үүнийхээ төлөө Монголын ард түмнээс уучлалт гуй" гэв.

Үргэлжлүүлэн АН-ын бүлгийн гишүүн О.Цогтгэрэл "Урд хөршийн эдийн засгийн идэвхжил нь өссөн, ковидын асуудлаа шийдэж, эдийн засгаа аваад явж байна. Гэтэл Монгол Улсын өнөөгийн эдийн засаг, эрүүл мэнд, нийгмийн байдал маш хурд үе дээрээ ирээд байна. Засгийн газар өнөөдөр КОВИД-ын хууль гэх нэрийн дор хүний нөөцийн томилгооноос эхлээд төсөв санхүүг дураараа захиран зарцуулдаг, төсвийн гадуур мөнгө захиран зарцуулах бүхий л эрх мэдлүүдийг аваад ажиллаж байна. Эрх мэдэл нь дутсангүй. Гэтэл өнөөдрийн нөхцөл байдал ийм байна...Ардчилсан нам ард иргэдийн талд гарч, тэмцэл өрнүүлэхэд бэлэн байна” гэв.

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ: