МСИХ-ны тэргүүн А.Энхбаатар: Сонсголгүй иргэдэд дохионы хэлний хууль батлах зайлшгүй хэрэгтэй байна

МСИХ-ны тэргүүн А.Энхбаатар: Сонсголгүй иргэдэд дохионы хэлний хууль батлах зайлшгүй хэрэгтэй байна

Өнөөдөр /2021.09.23/ “Олон улсын дохионы хэлний өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Сонсголгүй Иргэдийн Үндэсний Холбоо болон Сонсголгүй иргэдийн ТББ-уудтай хамтарч Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгуулж  тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ.

Тэгвэл анх энэхүү өдрийг 2017 оны арван хоёрдугаар сарын 19-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблей Чуулганаар жил бүрийн есдүгээр сарын 23-ны өдрийг “ОЛОН УЛСЫН ДОХИОНЫ ХЭЛНИЙ ӨДӨР” болгохоор албан ёсоор баталсан байдаг.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад сонсголын бэрхшээлтэй 8,300 гаруй иргэн, хэл ярианы бэрхшээлтэй 12,671 иргэн байдаг бөгөөд дөнгөж 20 шахам монгол дохионы хэлний хэлмэрч байдаг аж. Мөн улсын хэмжээнд Монгол дохионы хэлний хэлмэрч бэлтгэж байгаа сургууль огт байхгүй байгаа талаар Монголын сонсголгүй иргэдийн холбооны тэргүүн А.Энхбаатар ярьсан юм.

Мөн тэрбээр, Хөгжлийн бэрхшээлийн иргэдийн тухай хуулийн 12.1-т “Дохионы хэл бол сонсголын бэрхшээлтэй иргэдийн эх хэл мөн” гэж тусгасан байдаг. Дохионы хэлний тухай хуулийг бүрэн батлаад, журмыг нь баталчихвал энгийн иргэдээс дутахгүй амьдарч, эрхээ хамгаалж чадна. Сонсголын бэрхшээлтэй иргэдийг илүү цагаар ажиллуулах, цалин өгөхгүй байх зэрэг олон бэрхшээл гардаг.  Зурагтаар мэдээлэл дамжуулахдаа хэлмэрчийн хэмжээг томруулж өгөхийг хүсэж байна. Хэлмэрчийн хэмжээ жижигхэн тул мэдээлэл бүрэн авч чаддаггүй. Бид нарыг шаардлага тавих бүрд “Ойлголоо дэмжинээ” гэдэг ч хэлсэндээ огт хүрдэггүй. Хөрсөн дээрээ буухгүй байна” гэсэн юм.