ХЭРЭГ: Явганаар хил нэвтрэх гэсэн хоёр хүүхдэд “Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг” үйлдсэн гэж ХОРИХ ЯЛ оноожээ

ХЭРЭГ: Явганаар хил нэвтрэх гэсэн хоёр хүүхдэд “Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг” үйлдсэн гэж ХОРИХ ЯЛ оноожээ

Өнгөрсөн 2020 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр манай улс коронавирусийн халдвараас сэргийлж хатуу хөл хорио тогтоогоод байсан үед “Хилийн нэг заагт, дотоодоос гадаад руу чиглэсэн насанд хүрээгүй хоёр хил зөрчигч”-ийг илрүүлж баривчилсан байгаа юм. Ингээд саяхан тэдэнд эрүүгийн хэргийн “Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг” гэсэн зүйл ангиар ял оноож шийдвэрлэжээ.

Тодруулбал, насанд хүрээгүй 17 настай эрэгтэй А.Б болон иргэн 18 настай эрэгтэй Б.Б нар бүлэглэж 2020 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Дорноговь аймгийн Замын Үүд сумын нутаг дэвсгэр дэх хилийн зурвас дотор буюу ... дугаар тэмдэгтийн хооронд явганаар БНХАУ-ын хил рүү зорчиж Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг үйлдэхээр завдсан болох нь тогтоогджээ.

18 настай Б.Б нь Улаанбаатар хотод 14 настай охинтой бэлгийн харьцаанд орсон гэх хэргээр шалгагдаж байсан тул тэрбээр найзын хамт ийнхүү зугтахаар шийдсэн байжээ.

-ӨМНӨ НЬ ХЯТАД РУУ ГАРААД ТОЙРЧ АЯЛАХ ТАЛААР ЯРЬЖ БАЙСАН ТУЛ ХЭРЭГ НАМЖТАЛ ХИЛ ДАВААД НУУГДЪЯ ГЭЖ БОДЖЭЭ-

Эх сурвалжийн мэдээлснээр хэрэгтэн Б.Б нь хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ, “Би 2020 оны арваннэгдүгээр сард нэг охинтой фейсбүүкээр танилцаж харьцаж байгаад уулзсан. Надад өөрийгөө 16-тай гэж хэлсэн. Бид хоёр сайн дурын үндсэн дээр манай түрээсний байранд хэд хэдэн удаа бэлгийн харьцаанд орсон.

Гэтэл 2020 оны 12 дугаар сарын 10-ны орой 19 цагийн үед манай байранд цагдаа нартай хамт охины ээж нь гэнэт орж ирсэн. Тэгээд намайг найзуудын хамт Цагдаагийн хэлтэс рүү авч явсан.

Маргааш нь түрээсний байрандаа очиход байрны эзэн  “юун цагдаа сэргийлэх болоод байгаа юм, байрнаас гар” гэсэн тул найз бид хоёр байрнаас гараад зугтахаар шийдсэн юм. Өмнө нь бид Хятад руу гараад тойрч аялах талаар ярьдаг байсан. Тэгээд хэрэг намжтал хил даваад нуугдъя гэж бодоод шууд Замын-Үүд явж, Хятадын хилийг давахаар болж Ботаникийн буудлаас Налайхын автобусанд суугаад замын унаанд дайгдсаар 2-3 хоног явж байж хил дээр хүрсэн” гэх утгатай мэдүүлгийг өгсөн гэсэн юм.

Мөн дээрх хоёр өвсөр насны хүүхэд Замын-Үүд рүү орохдоо худал мэдээллээр буюу хуурамч нэр, хаяг, регистрээр коронавирусийн шинжилгээ өгч нэвтэрсэн бөгөөд Замын-Үүдийг тойрч алхан, хилээр гарах тохиромжтой газрыг хайж сараалжин торыг өргөж доогуур нь гарсан аж. Ийнхүү тэд урд зүгийг чиглэсээр явсанд орой 19:00 цагийн орчимд холоос гэрэл гарч, хилийн цэргүүд баривчилсан байна.

-"ТЭР ХОЁР ХҮҮХЭД ХОЛ АЛХАХАД БЭЛТГЭЖ, МАШ ИХ ДУЛУУЛСАН БАЙСАН" ГЭСЭН ГЭВ-

Мөн өөр нэг эх сурвалжийн мэдээлж буйгаар, “Тус өдөр 19:00 цаг өнгөрч байхад хилийн ... дугаар заагт, дотоодоос гадаад руу чиглэсэн хоёр хил зөрчигч явж байсан байгаа юм. Ингээд хилийн цэргийн алба хаагчдыг очиход хоёр хил зөрчигч автомашины гэрлийг хараад нуугдаад доошоо хараад хэвтчихсэн" гэсэн. Тэр хоёр Монгол улсын хилээс дотогш 300 гаран 400 орчим метрийн зайтай, хилийн тэмдгээс ойролцоогоор 2 км-ийн зайтай байсан байх” гэсэн юм. Мөн тус хэргийг илрүүлэхэд тэр хоёр хүүхэд маш их дулаалсан, хол алхахад бэлтгэсэн байдалтай байсан гэнэ лээ" гэв.

-МОНГОЛ УЛСЫГ ХИЛИЙГ ЗӨРЧСӨН Б.Б-Д 1 ЖИЛ 6 САРЫН ХУГАЦААТАЙ ХОРИХ ЯЛ ТОГТООЖЭЭ-

Дээрх үйлдсэн хэрэг нь Монгол улсын Үндсэн хууль, Монгол улсын Хилийн тухай хууль, Монгол улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын гэрээ, Эрүүгийн хуульд тусгайлан заасан Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хилийн халдашгүй дархан байдалд хохирол учруулж байгааг, мөн өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдэж байсан хэдий ч бүлэглэн Монгол улсад орох, гарах, хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг санаа зорилгын хувьд санаатай хэлбэрээр үйлдсэн байна гэж Шүүхээс үзсэн байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялуудыг хоёр дахин багасгаж Б.Б-д 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оноожээ.

Мөн иргэн Б.Б нь 14 настай буюу насанд хүрээгүйг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон болох нь тэдний мэдүүлэг болон гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна гэж үзжээ.  Харин насанд хүрээгүй иргэн А.Б нь гэмт хэрэг үйлдэхдээ 14 насанд хүрсэн хэдий ч 18 насанд хүрээгүй тул түүнд оногдуулсан ялыг 2 дахин багасгах нь зүйтэй гэж Шүүхээс үзсэн байна.