УИХ-ын гишүүдийн тоог нэмэх зэрэг Үндсэн хуулийг өөрчлөлтийг АН-аар өргөн бариулая гэж МАН тохирчээ

УИХ-ын гишүүдийн тоог нэмэх зэрэг Үндсэн хуулийг өөрчлөлтийг АН-аар өргөн бариулая гэж МАН тохирчээ

МАН 2016-2020 оны хугацаанд засаглахдаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, “Ерөнхийлөгчийн бүрэн эрх 6 жил, Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг, УИХ-ын дөрвөн гишүүн л Засгийн газрын сайдын ажлыг хавсран гүйцэтгэж болох” зэрэг өөрчлөлтийг хийсэн.

-УИХ ДАХЬ АН-ЫН БҮЛГЭЭР ҮНДСЭН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ САНАЛЫГ ӨРГӨН БАРИУЛАХ ТУХАЙ ЯРИГДЖЭЭ-

Тэгвэл Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулах талаар яригдаж эхэлсэн байна. Уг нь Үндсэн хуулийг өөрчилсөн бол 8 жилийн хугацаанд дахин өөрчлөх нь хуулиар хориотой. Тодруулбал, “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль”-ийн 3.3-д “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг нэгэнт оруулсан бол уг нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш найман жилийн дотор уг асуудлаар нэмэлт, өөрчлөлт дахин оруулахыг хориглоно” гэж заажээ.

Гэсэн хэдий ч тус хуулийн энэ заалтыг УИХ-аар өөрчилж батлаад л асуудал шийдэгдэнэ гэсэн үг.

Тэгвэл энэ удаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах саналыг УИХ дахь АН-ын бүлгээр өргөн бариулахаар МАН тохирсон гэх мэдээлэл улс төрийн хүрээнд яригдаж эхэлжээ. Учир нь МАН 2019 онд Үндсэн хуулийг өөрчилсөн учир энэ удаа АН-аар өөрчлөх саналыг гаргуулж, хэлэлцэж батлах бололтой.

-УИХ-ЫН СОНГУУЛИЙГ ХОЛИМОГ СИСТЕМЭЭР ЯВУУЛАХ ЗЭРЭГ ТАВАН ӨӨРЧЛӨЛТИЙГ ОРУУЛАХ ТАЛААР ЯРИЛЦЖЭЭ-

Тэгвэл Үндсэн хуульд дараах өөрчлөлтийг хийж магадгүй байна.

Тодруулбал,

  • Үндсэн хуульд 2019 онд орсон өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн дөрвөөс бусад нь Засгийн газрын сайдын албан тушаалыг хавсран гүйцэтгэхийг хориглосон. Ингэснээр УИХ-ын гишүүдийн эрх мэдэл хумигдсан гэдэг. Тэгвэл Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулбал УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүний албыг хавсран гүйцэтгэхийг зөвшөөрөх ажээ.
  • Мөн УИХ-ын сонгуулийг холимог системээр хийдэг болох буюу улс төрийн нам болон нэр дэвшигчийг сонгодог болох талаар яригдаж байгаа аж. Тус саналыг УИХ дахь АН-ын бүлгээс гаргасан тул энэ саналыг нь дэмжиж Үндсэн хуульд өөрчлөлт оруулна. Иймд тус хуулийн нэмэлт өөрчлөлтийг танай бүлэг өргөн барих хэрэгтэй гэж тохиролцсон гэх мэдээлэл байна.
  • Цаашлаад УИХ-ын тоог нэмэгдүүлж магадгүй 99 болгох,
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгогдог болох зэрэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн талаар ярилцаж байгаа гэх мэдээлэл байна.