Э.Цэндбаатартай сорил тулаан хийх О.Тулга Армийн ДАШТ-д ялагдал хүлээжээ

Э.Цэндбаатартай сорил тулаан хийх О.Тулга Армийн ДАШТ-д ялагдал хүлээжээ

Дэлхийн цэргийн албан хаагчдын боксын Дэлхийн аварга шалгаруулах 58 дахь удаагийн тэмцээн ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагдаж буй.

Энэхүү тэмцээнд дэлхийн 39 орны 300 гаруй тамирчин таван жингийн төрөлд тулалдаж байгаа бөгөөд манай улсаас Армийн дэлхийн аварга, ОУХМ Б.Чинзориг болон Х.Энхмандах, Х.Энх-Амар, О.Тулга, М.Энхжаргал, Т.Болортуул, Г.Бадмаараг нар оролцож буй юм.

Тэгвэл өнөөдрийн байдлаар манай улсын гурван тамирчин хүрэл медалийн болзол хангаад байгаа бол ирэх аравдугаар сарын 03-ны өдөр МУГТ Э.Цэндбаатартай ДАШТ-нд оролцохоор сорил тулаан хийх О.Тулга эрэгтэйчүүдийн -60кг жинд хүрэл медалийн төлөөх тулаанд Алжирын боксчинд ялагдал хүлээж, тэмцээнээ өндөрлүүлсэн байна. 

Тэрбээр тус тэмцээний эхний тулаанаа Шри Ланкийн тамирчин Жванта Бамунитуудыг илт давуу ялсан бол удаах тулаанд буюу хүрэл медалийн төлөөх тулаанд ийнхүү Алжирын боксчинд 1:2 харьцаатай ялагдал хүлээжээ.

О.Тулга нь 2001 онд төрсөн энэ жил 20 настай залуу тамирчин бөгөөд Алдар спорт хороонд 8 дахь жилдээ боксын спортоор хичээллэж байгаа аж. Боксоор хичээллэсэн энэ хугацаанд түүний хамгийн том амжилт нь 2019 онд Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль хүртэж байсан бөгөөд өсвөр үеийн УАШТ-нд хэдэнтээ түрүүлж байсан өсөх ирээдүйтэй тамирчдын нэг юм.