Г.Ганбат: ТЕГ-ын ажилтнууд гэх залуус шөнө 23.00 цагийн үед гэрт ирсэн

Г.Ганбат: ТЕГ-ын ажилтнууд гэх залуус шөнө 23.00 цагийн үед гэрт ирсэн

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалтай холбоотойгоор өөрийн цахим хуудаст Орос, Монголын харилцааны талаар байр, сууриа илэрхийлсэн зарим иргэдийг Тагнуулын байгууллагаас шалгаж эхэлсэн байна.  Одоогийн байдлаар иргэн Г.Ганбат болон твиттер орчинд “Элийрэгч” нэрээр олонд танигдсан иргэн Ц.Уянга нарыг Тагнуулаас шалгаж эхэлсэн тухай мэдээлэл ил болоод байна. Тэднийг ТЕГ-т дуудаад зогсохгүй Ц.Уянгын фэйсбүүк хаягийг 30 хоногийн хугацаатай хаасан байгаа юм.  

Бид уг асуудлаар иргэн Г.Ганбаттай холбогдож тодруулга авлаа.

-ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалтай холбогдуулан нийгмийн сүлжээн дэхь өөрийн цахим хуудаст хоёр улсын харилцааны талаар байр, сууриа илэрхийлсэн зарим хүнийг ТЕГ-аас шалгаж эхэлсэн байна. Таныг  ч мөн шалгаж байгаа гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Би нийгмийн сүлжээнд байр, сууриа идэвхтэй илэрхийлдэг хүмүүсийн нэг. Урьд өмнө нь олон асуудлаар өөрийн байр, суурийг илэрхийлж байсан. Зүгээр л байсан. Харин энэ удаа яасан юм бүү мэд. Уржигдар шөнө намайг эзгүйд /2019.9.02/ 22.30 минутын орчимд ТЕГ-ын ажилтан гэх хоёр хүн манай гэрт очсон. Гэрийн хаалгыг маш хүчтэй цохисон гэсэн.  Хүүхдүүд гайхаад хаалгаа нээж өгтөл хоёр хүн бичиг баримт, биеийн байцаалтаа үзүүлж өөрсдийгөө  танилцуулахгүйгээр “Бид ийм эрхтэй. Тагнуулын Ерөнхий газраас явж байна” гэж хэлсэн байна лээ. Тэд сүүлийн өдрүүдэд ОХУ, Монголын харилцаатай холбоотой  сэдвээр твиттер хуудаснаа миний бичсэн постуудыг хэвлээд ирсэн гэсэн. Тэд “Аав чинь хаана байна. Утасны дугаарыг нь хэл. Орос, Монголын дипломат харилцаанд саад учруулсан, Путины айлчлалыг эсэргүүцсэн сөрөг мэдээлэл бичсэн” гэж хэлсэн байсан. Манай гэр бүлийнхэн хэвлээд барьж явсан миний жиргээг уншаад “Энэ чинь ердийн л жиргээ байна шүү дээ” гэсэн чинь “Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх жиргээ байна” гэж хариулсан байсан. Тухайн үед би Төв аймагт явж байсан. Утасны сүлжээ тасарсан байлаа. Шөнө 23.00 цагийн үед тодорхой зөвшөөрөлгүй, биеийн байцаалтаа харуулахгүйгээр айлд дураараа орж ирж өндөр дуугаар ярьж, сүржигнэж байгаад гараад явсан. Би сүлжээтэй газарт орж ирээд утсаа шалгатал охин минь над руу энэ талаар бичсэн мессежийг илгээсэн байсан. Болсон явдал ердөө энэ.   Манай гэр бүлийнхний утасны дугаарыг авахаар шаардсан байна лээ.

 - Та яг ямар утгатай зүйлийг бичсэн юм бэ?

-Би В.Путин ерөнхийлөгчийн айлчлалыг эсэргүүцсэн эсвэл доромжилсон, Орос, Монголын харилцаанд саад учруулахаар утга агуулгатай зүйл бичээгүй шүү дээ.  Тийм санаа огт үгүй. Зүгээр л, хоёр улсын харилцаа тэнцвэртэй биш байна. Ядаж л гадаад худалдааны алдагдал маш өндөр хувьтай байна. Худалдааны харилцаа 95/5 ийн харьцаатай байна. Энэ байдлыг уг айлчлалын хүрээнд засах ёстой талаар бичсэн. Манай ОХУ-аас худалдаж авч буй гол бараа бол шатахуун. Шатахууныг бусад орноос өндөр үнээр худалдаж авдаг. Твиттер хуудаснаа Элийрэгч нэрээр бичдэг Ц.Уянгыг мөн энэ шалтгаанаар шалгана гэсэн гэнэ лээ. Парламент сувагт нэвтрүүлэг хөтөлдөг байсан Т.Болд ах мөн фэйсбүүк хаягаа алдсан байсан. Миний харснаар Т.Болд ах бид хоёр их ойролцоо утга агуулгатай зүйл бичиж байсан байна лээ. Өчигдөр амралтын өдөр байсан. Өнөөдөр надтай хүмүүс холбогдож дуудаагүй л байна. Би хуульч найзтайгаа зөвлөлдөөд энэ үйлдлийг  шалгуулахаар болсон. Хэрвээ Тагнуулын байгууллагын нэр барьж ингэж буй бол гэмт хэрэг шүү дээ.

- Таны бичсэн мэдээллийг бодитой гэж хүлээж авах хүмүүс олон байсан. Тодруулбал, мэргэжлийн түвшний, анхаарал татахуйц санааг бичсэн гэж дүгнэх хүмүүс байна. Та ямар мэргэжилтэй вэ?

- Би Орост эдийн засагч мэргэжилт эзэмшсэн. Миний хувьд Орос орон, оросын ард түмэнд  дургүйлхэх, үзэн ядах шалтгаан огт байхгүй. Оюутан насаа Орост өнгөрүүлсэн Миний сайхан дурсамжууд тэнд бий болсон. Тиймээс уг оронд хүндэтгэлтэй хандах зүйл миний сэтгэлд бий. Гэхдээ тусгаар хоёр улс, хөрш орнуудын харилцаа хүч тэнцвэргүй байгаа асуудлаар л үзэл бодол, байр сууриа илэрхийлсэн. Ингэж болно шүү дээ. Миний хувьд ОХУ-ын хэвлэлүүдээр гарсан албан ёсны мэдээлэлд үндэслэж тоо баримт, дүгнэлтийг бичдэг.

- Энэ үйлдлийг хүмүүс янз бүрээр дүгнэж байна. Зарим нь хувь хүний үг хэлэх эрх чөлөөг боомилсон ардчилалаас ухарсан алхам гэж дүгнэх хүмүүс байна. Та үүнийг хэрхэн дүгнэж байгаа юэ?

- ОХУ-ын Итар Тасс болон бусад хэвлэлд “Хэлэлцэх 11 асуудлын жагсаалтад ШХАБ-д Монгол улс жинхэнэ гишүүнээр элсэхийг нааштайгаар хүлээн авч байгаа” гэгчлэн бичсэн байсан. Энэ бол ОХУ-аас гаргаж буй албан мэдээлэл юм. Би Монгол улс ШХАБ-д с элсэхийг эсэргүүцдэг. Учир нь ШХАБ-ын гишүүн орнуудаас бидний ялгагдах гол зүйл бол ардчилал,  үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө юм. Энэ эрх чөлөөнд ямар нэгэн байдлаар аюул занал учирч эхэлж байна. Хүчний байгууллагын нэрийг барьж иргэдийг айлгах үйлдэл ихэссэн юм байна. Тэгээд ШХАБ-д элсэх санаархал маш хүчтэй явж байгаа юм байна гэж харж байна. Үүнийг айлчлалын үеэр гарсан Итар Тасс, Кремлийн мэдээнүүдээс харсан. Энэ бол хэрхэвч байж болзошгүй зүйл. Ардчилал бол бидний бүс нутагтаа ялгарч буй хамгийн гол онцлог, үнэт зүйл маань юм. Үүнийгээ алдахгүй, хамгаалах ёстой. Цаашид олон хүнд ийм зүйл тохиолдвол манай улсын ардчилалд аюул заналхийлэл учрах нь гэсэн бодолтой байна.