Э.Оюунболдын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэх эсэх нь маргааш тодорхой болно

Э.Оюунболдын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэх эсэх нь маргааш тодорхой болно

Энэ жилийн наадам буюу Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд ес даван түрүүлсэн Э.Оюунболдоос допингийн төрлийн бодис илэрсэн гэх асуудал олон нийтийн анхаарлын төвд байсаар байна. Энэ асуудлаар түүний цолыг хураах эсэх асуудал яригдаж эхлээд буй. Наадамд түрүүлсэн бөхөөс хориотой дөрвөн төрлийн бодис илэрсэн талаарх ноцтой мэдээллийг  Үндэсний бөхийн салбар хороо зарласан.

Харин аварга Э.Оюунболд допинг хэрэглээгүй хэмээн тайлбар хийсэн ч Б сорьцоо шинжлүүлээгүй байдаг. Иймд түүний цолыг хураах асуудал Төрийн ордны хэмжээнд яригдаж эхэлсэн юм.

Э.Оюунболд гүтгэсэн хэмээн мэдэгдэл хийж улмаар Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Үндэсний бөхийн салбар хорооны эсрэг нэхэмжлэл гаргасан байна.

Ингэхдээ аварга Э.Оюунболд нэхэмжлэлдээ допинг хэрэглэсэн гэх мэдээллийг олон нийтэд тараасан Үндэсний бөхийн салбар хороог үгүйсгэж, Улсын аварга цолыг хураалгах шийдвэрийг Ерөнхийлөгчид хүргүүлсэн гэх маргаан бүхий захиргааны актын биелэлтийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ.

Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд нэхэмжлэлтэй уг гомдлыг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх долоо хоногийн дотор хэрхэхээ шийдвэрлэх юм. Харин уг асуудлаар тэрээр өнгөрсөн долоо хоногт Нийслэл дэхь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан аж. Нэхэмжлэлийг шүүх хүлээж авч хэлэлцэх эсэх асуудал хуулийн хугацаа нь долоо хоног байдаг бөгөөд маргааш хэрэг үүсэх эсэх нь Захиргааны хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 55.1-т зааснаар тодорхой болох юм байна.