Татвар, Эг, Шүрэнгийн цахилгаан станц, шатахууны импортын үнийн асуудлыг ОГТ ХӨНДСӨНГҮЙ

Татвар, Эг, Шүрэнгийн цахилгаан станц, шатахууны импортын үнийн асуудлыг ОГТ ХӨНДСӨНГҮЙ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад айлчиллаа. Түүний айлчлалд монголчууд ихээхэн ач холбогдол өгч анхааралтай ажиглав. Ерөнхийлөгч В.Путиныг угтахаас эхлээд үдэн явуулах хүртэл дипломат ёсоо барьж сайн ажиллалаа.Гэхдээ хамгийн чухал асуудал бол тус айлчлалын хүрээнд ямар асуудлыг шийдэв гэдэг юм.

Тодруулбал, хоёр улс тулгамдсан асуудлаараа харилцан ашигтай шийдвэрт хүрэх ёстой. Айлчлалын хүрээнд хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд нөлөө үзүүлэх 10 баримт бичигт гарын үсэг зурсан ч үр дүнтэй, анхаарал татах асуудал байж чадсангүй гэж шинжээчид дүгнэж байна. Ядаж л төрийн өндөр дээд албан тушаалтнуудаа байлцуулан албан ёсны хэлэлцээ хийхээр төлөвлөж байсан ч хийсэнгүй. Үүнийгээ хоёр улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээгээр ярих бүх сэдвээ ганцаарчилсан уулзалтаар ярьсан тул шууд баримт бичигт гарын үсэг зурахаар тохиролцсон гэж тайлбарлав.

-100 ТЭРБУМ РУБЛИЙН ЭКСПОРТЫН ЗЭЭЛИЙГ ЗҮҮНБАЯН-ХАНГИ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫГ БАРИХАД ЗАРЦУУЛНА-

10 баримт бичгээс анхаарал татсан ганц асуудал нь 100 тэрбум рублийн экспортын зээлийг "Улаанбаатар төмөр зам" хамтарсан нийгэмлэгийн дүрмийн санг нэмэх, Зүүнбаян-Ханги чиглэлийн шинэ төмөр зам барихад зориулаж авахаар болсон тухай юм. Гэхдээ өмнө нь төмөр замын асуудалд тохирсон дүрмээ зөрчвөл энэ гэрээ хэлцэл хэрэгжихгүй байх магадлал өндөр байна. Зүүнбаян-Ханги чиглэлийн өргөн царигтай шинэ төмөр замыг Орос руу нүүрс гаргах зориулалтаар тавина гэх мэдээлэл бий. Тэгэхээр оросууд төмөр замаа тавьж байна гэж дүгнэх хүмүүс байна. Хятадууд Ганц модны боомт хүртэл төмөр замаа тавьсан. Харин бид наанаас нь 200 гаруй км газарт Гашуун сухайт боомт хүртэл төмөр замаа тавьчихвал нүүрсээ урд хөрш рүү асуудалгүй гаргана гэдэг. Гэтэл энэ жил "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай" тогтоолын төслийг хэлэлцэж баталснаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн  төмөр замаа гүйцээлгүй орхиж 400 орчим км газрыг тойруулан байж Зүүнбаян-Ханги чиглэлд тавихаар болсон.

-ЭГ, ШҮРЭНГИЙН ЦАХИЛГААН СТАНЦ БАЙГУУЛАХ ТӨСӨЛ ДАХИН ГАЦАХ УУ-

Энэ удаагийн айлчлалаар олон жил яригдсан ч одоог хүртэл хэр шийдэгдээгүй Эг, Шүрэнгийн усан цахилгаан станц байгуулах асуудал хөндөгдсөнгүй. Мөн цахилгаан эрчим хүчний хувьд хойд хөршөөс хараат хэвээр байна гэдэг нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хэлсэн үгнээс ажиглагдсан юм.

Тодруулбал тэрбээр танай VI  цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд хамтарна мөн цаашид Монгол улсад эрчим хүч найдвартай нийлүүлэгч хэвээр байна гэж хэллээ.

Энэ нь Эг, Шүрэн зэрэг Монголын УЦС-ын төслүүдийг хэрэгжүүлэхэд ОХУ саад болсон хэвээр байхыг илтгэж байна гэж ажиглагчид дүгнэж байгаа юм. Мөн цаашид Шатахууныг ч өндөр үнээр худалдан авсаар байх нь түүний үгнээс тодорхой байна. ОХУ бусад орнуудаас хэт өндөр үнээр шатахууныг манайд борлуулсан хэвээр байгааг доорх хүснэгтээс харж болно.

-ХОЁР УЛСЫН ХУДАЛДААНЫ АЛДАГДЛЫГ БУУРУУЛАХ АСУУДЛЫГ ХӨНДСӨНГҮЙ-

Энэхүү айлчлалаар Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр улсын худалдааны алдагдлийг бууруулах асуудлыг хөндөх ёстой байсан ч тэгсэнгүй гэх шүүмжлэл их байна.  Манай хоёр орны худалдааны эргэлт 95/5 ийн харьцаатай байгаа. Энэ бол хангалтгүй үзүүлэлт. ОХУ-тай хийсэн худалдааны эргэлтийг харвал тэрбум доллар хүрдэггүй, импорт 957 сая доллар байгаагийн ихэнх нь шатахуун худалдаж авахад зарцуулдаг. Манайх нийт экспортынхоо 0.9 хувийг, импортын 27.3 хувийг ОХУ-тай хийдэг байна. Хоёр улс харилцан визгүй 30 хоног зорчдог болсноос хойш худалдааны эргэлт нэмэгдэж байгаа ч төдийлөн хангалттай бус хэвээр.

АНУ, Хятад хоёр харилцан биендээ 10, 15 хувийн татвар тогтоож 25% хүргэнэ гэж сүрдүүлж байгааг худалдааны ДАЙН гэж нэрлэж буй. Харин ОХУ-ын манай бараанд тавьсан татвар 30-60%. Үүнийг  гадаад худалдааны АЛДАГДАЛ гэж эдийн засагчид хэлж байна.

ОХУ бүх бараагаа манайд доллароор борлуулдаг ч буцаагаад нэг ноолууран цамц авдаггүй. Авсан ч өндөр татвар тогтоогоод хааш нь ч хөдөлгөдөггүй гэдэг. Тэгэхээр энэхүү тулгамдсан асуудлыг сая хөндсөн бол айлчлал бодит үр дүнд хүрэх байв. ОХУ-ын төрийн тэргүүн таван жилийн өмнө манай улсад айлчлахдаа 10 гаруй хэлэлцээр, протокол, санамж бичиг, хамтарсан баримт бичигт гарын үсэг зурсан ч хоёр орны иргэд харилцан визгүй зорчихоос бусад ихэнх нь бодит ажил хэрэг болоогүй аж.