Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас найман хүний амь нас хохирчээ

Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас найман хүний амь нас хохирчээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2019.09.02-06-ны өдөр нийт 1127 дуудлага мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс 740  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байжээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 28 хүн гэмтэж 8 хүний амь нас хохирсон байна үүнээс зургаан  хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтсэн байна.

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

2019.09.03-ны өдөр 19.00 цагийн орчимд Дундговь аймгийн Адаацаг сумын 5-р багийн нутаг “Баруун булаг” гэх газар /Сумын төвөөс баруун урагш 5 км-т/ шороон замд Даун  маркийн улсын дугааргүй Н жолоочтой мотоцикл  онхолдож, жолооч 44 настай, эрэгтэй Н нас барсан.

2019.09.02-ны өдөр 12.20 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан сумын 1-р баг “Шаварт” гэх газарт / сумын төвөөс баруун тийшээ 15 км/ асфальтан замд Тоёота Приус маркийн автомашины жолооч Мустанг-5 маркийн  улсын дугааргүй Б жолоочтой мотоциклтой мөргөлдөж,  мотоциклийн жолооч  44 настай, эрэгтэй  Б нас барсан гэх мэт ослууд бүртгэгдсэн байна.

Явган хүнийг гарцгүй газраар зам хөндлөн гарч байгаад зам тээврийн осолд өртсөн тохиолдол 5, гарцаар гарч байгаад автомашинд мөргөгдөж гэмтсэн  тохиолдол 4 бүртгэгдсэн байна.

Энэ 7 хоногт хүн гэмтсэн нийт ослыг хэлбэрээр авч үзвэл явган зорчигч мөргөж  гэмтээх хэлбэрээр 10, мөргөлдөх хэлбэрээр 3, нийтийн тээврийн хэрэгсэлд унаж гэмтэх 1, унадаг дугуйтай хүн мөргөх хэлбэрээр 1 тус тус бүртгэгдсэн байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 127 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 26 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 9,3 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 17 хувиар, гэмтсэн хүний тоо 20 хувиар тус  тус буурч, зам тээврийн ослын улмаас нас барсан  хүний тоо 33,3  хувиар өссөн байна.

Нийслэлийн хэмжээнд гарч буй зам тээврийн ослуудын ихэнх нь явган зорчигч зам хөндлөн гарах үедээ автомашинд мөргүүлэх хэлбэрээр үйлдэгдэж байгаа тул иргэд жолооч та бүхэн явган хүний гарцтай, гэрэл дохионы зохицуулалттай уулзвар гарцаар зам хөндлөн гарах, жолооч нар уулзвар гарц руу ойртон ирэх үедээ хурдаа сааруулан, гэрэл дохио зөрчихгүй, явган хүний гарцаар гарч буй явган зорчигчийг өнгөрөөж хөдөлгөөнд соёлтой байдлаар оролцохыг тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна.




Өнөөдөр бар өдөр

8 цагийн өмнө