Дарханы зам төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орохгүй нь

Дарханы зам төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орохгүй нь

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг өнгөрсөн зургадугаар сард эхлүүлсэн. Харин ирэх арваннэгдүгээр ашиглалтад сард хүлээн авна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдэгдсэн билээ. 

Гэтэл өнөөдөр уг замын засварын ажил 35 хүрэхгүй хувьтай явагдаж байгаа нь төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орохгүй нь гэх таамгийг дагуулж эхлэв. Үүнийг ч Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан хүлээн зөвшөөрч ярьжээ.

Тодруулбал, тэрбээр “Таван багц болгон тендер зарлаж ажил гүйцэтгэж байгаагаас хоёр, дөрөвдүгээр багцын ажил удаашралтай байна. Яамнаас газрын дарга нар, ажлын хэсэг оролцсон хурлыг хэд, хэдэн удаа хийсний үр дүнд техник, ажиллах хүч нэмэгдсэн. Гүйцэтгэгч байгууллага хугацаандаа дуусгана гэсэн боловч бодит байдал дээр тийм боломж харагдахгүй байна. Бид ажлаа шуурхайлахыг шахсаар байна” хэмээн ярьсан юм.

Өөрөөр хэлбэл, техникийн хүч дутмагаас ийнхүү хойшилж байгаа аж. Угтаа бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх замын ажлын нээлтэд очиж тууз хайчилж, шоу хийхээсээ өмнө техник, хэрэгслээ хангалттай бэлдэх байлаа. Гэтэл ашиглалтад орох төлөвлөсөн хугацаа хоёрхон сараар дутуу энэ үед “техник, хэрэгсэлгүй байна” гэх хариуцлагагүй мэдэгдлийг хэлээд сууж болох уу.

Тус замын засвар шинэчлэлтийн ажил эхэлснээс хойшхи гурван сарын хугацаанд түр зам дээр 70 шахам зам тээврийн осол бүртгэгдэж, зургаан хүн амь насаа алдаж, 20 орчим хүн бэртэж гэмтжээ. Мөн иргэд машин тэргээ эвдэж, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол буурахгүй байгаа юм.

Замын инженерүүдийн тайлбарлаж байгаагаар хэдий хэр хугацааны хоцрогдолтой яваагаас ихээхэн зүйл хамаарна. Хэрэв олон хоногийн хоцрогдолтой бол хугацааг нөхөж ажиллахад ихээхэн төвөгтэй. Ялангуяа, үүнд цаг агаарын нөхцөл байдлыг сайн тооцоолох хэрэгтэй. Тиймээс салбарын сайдын хэлсэнчлэн ирэх арваннэгдүгээр сард Дарханы замын засвар, шинэчлэлийн ажил бүрэн дуусч, бүхэлд нь ашиглалтад оруулах боломжгүй байна гэх тайлбарыг өгч байна.




Өнөөдөр бар өдөр

16 цагийн өмнө