“Богд Зонхов” бурхны хөшөөг 32 тэрбум төгрөгөөр барих Ч.Номин сайдын багцыг дэмжиж УИХ баталжээ

“Богд Зонхов” бурхны хөшөөг 32 тэрбум төгрөгөөр барих Ч.Номин сайдын багцыг дэмжиж УИХ баталжээ

Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх 2022 оны төсвийг баталсан. Тус төсөв нь  дотоодын эдийн засгийг гурав дахин тэлэх, төрийн байгууллагын зардлыг хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн гэж тодотгож буй.

-АНХ 5,5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БАРИНА ГЭСЭН “БУРХНЫ ХӨШӨӨ” 32 ТЭРБУМ ТӨГРӨГ БОЛЖ ӨСЖЭЭ-

Тэгвэл нийслэлийн нутаг дэвсгэрт 32 тэрбум төгрөг буюу 10 гаруй сая ам.долларын өртөгтэй “бурхны хөшөө”-г барихаар 2022 оны улсын төсөвт чимээгүй суулган, баталсан байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо Тасганы овоо дээр Шашны соёлыг дэлгэрүүлэх “Богд Зонхов” бурхны хөшөө бүхий төвийг 32 тэрбум 490 сая 800 мянган төгрөгөөр барина гэжээ.

2022 оны Улсын төсөв

Хачирхалтай нь, “Богд Зонхов” бурхны хөшөөг анх, “5.5 тэрбум төгрөгөөр барихаар Засгийн газрын тогтоол 2021 онд батлагдаж, Соёлын сайд Ч.Номингийн багцад тусгагдаж” байжээ. Гэтэл төсөвт өртгийг нь нэмэгдүүлж 32 тэрбум гаруй төгрөг болон өөрчлөгдөж, 2022 оны улсын төсөвт сууж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан байгаа юм.

"Богд Зонхов" бурханы хөшөө барих анхны төсвийн мэдээлэл

Ямартай ч, Тасганы овоон дээр 32 тэрбум төгрөгөөр “Богд Зонхов” бурхны хөшөө бүхий төвийг барих төсвийг УИХ-аар баталж, Соёлын сайд Ч.Номингийн багцыг дэмжсэн байна. Богд Зонхова нь шарын шашны үндэслэгч бөгөөд соён гийгүүлэгч их билгийн хүн хэмээдэг. Харин нэгэнт бурхны хөшөө барихаар УИХ-аар шийдвэрлэсэн бол Монголын шашин, соёлын нэрт зүтгэлтэн, шарын шашны анхны тэргүүн Өндөр гэгээн Занабазарын хөшөөг сүндэрлүүлж яагаад болохгүй гэж гэсэн асуулт ч гарч байгаа юм.

32 тэрбум төгрөгөөр баригдах "Богд Зонхов" бурханы хөшөөний зургийн төсөл

- 32 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР “БУРХНЫ ХӨШӨӨ” БАРИХ УЛСЫН ТӨСӨВТ ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ХОРИГ ТАВИХ УУ-

Монгол Улс бүх шашныг эрх тэгш, шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхах ёсгүй хэмээн Үндсэн хуульдаа тунхаглаж, “Төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” хэмээн хуульчилсан байдаг. Тодруулбал, Үндсэн хуулийн 9.1-д “Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ, 9.2-т Төрийн байгууллага шашны, сүм хийд улс төрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй хэмээн заажээ.

Мөн хуулийн 10.2-т Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна хэмээн заасан байдаг байна.

Гэтэл улсын төсвийн 32 тэрбум төгрөгөөр бурхны хөшөө барихаар төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар баталсан нь Үндсэн хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн байх магадлалтай хэмээн олон үзэж буй юм. Тиймээс ч хууль зөрчсөн 2022 оны төсвийн тухай хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрх мэдлийнхээ хүрээнд эгүүлэн татах ёстой хэмээн шаардаж байна.