"Богд Зонхов" бурхны хөшөө барихыг Ц.Анандбазар, Г.Занданшатар, Б.Чойжилсүрэн нар санаачилж ЗГ, УИХ-аар дэмжүүлжээ

"Богд Зонхов" бурхны хөшөө барихыг Ц.Анандбазар, Г.Занданшатар, Б.Чойжилсүрэн нар санаачилж ЗГ, УИХ-аар дэмжүүлжээ

"Богд Зонхов" бурхны хөшөөг 32 тэрбум төгрөгөөр барихаар 2022 оны улсын төсөвт тусгаж, УИХ-аар батлуулсан талаар манай сайт мэдээлсэн. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Харин энэ асуудал олон нийтийн хатуухан шүүмжлэлтэй тулаад байна.

Тодруулбал, тус бурхны хөшөөг анх 5,5 тэрбум төгрөгөөр барихаар 2021 оны төсөвт оруулж баталсан байдаг. Гэтэл 2022 оны улсын төсөвт бурхны хөшөөний өртгийг нь зургаа дахин нэмэгдүүлж 32 тэрбум төгрөг болгон дахин оруулж ирснийг УИХ чимээгүй ямар ч санал, хэлэлцүүлэг, шүүмжлэлгүй нууцхан баталсан байгаа юм.

-БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН МАГАДЛАЛААР ТӨСӨВТ ӨРТГИЙГ НЬ 32 ТЭРБУМ БОЛГОН НЭМЭГДҮҮЛЖЭЭ-

Бурхны хөшөө барих ажил Соёлын яамны төсөвт тусгагдсан учир нь буруу Ч.Номин сайд дээр бууж байгаа ч асуудлын цаад учрыг сайтар хөөж үзвэл олон хүн нэр холбогдож байна. Тодруулбал, тус хөшөөг барих тогтоол одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед буюу огцрохын өмнө өдөр албажиж батлагдсан. Тиймээс ч тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ыг буруутгах хүмүүс олон байна.

Харин Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар өчигдөр /2021.11.21/ тайлбар хийж “Богд Зонховын хөшөөг У.Хүрэлсүхийн Засгийн газар, Ч.Хүрэлбаатар төсөвт тусгаад сая өртгийг нь 27 тэрбумаар нэмжээ гээд өмнөх Засгийн газар, над руу бухаж байх шиг байна. Энэ бол гүтгэлэг. У.Хүрэлсүхийн Засгийн газар төсөв өргөхөд Богд Зонхов огт байгаагүй. Тухайн үед би Сангийн сайд байсан. УИХ дээр гурван гишүүний саналаар нэмэгдсэн. Төсвийн байнгын хороо өртөг нэмээгүй гэдгийг хэлье” гэсэн.

Тэгвэл түүний мэдэгдэлтэй холбогдуулан бодит мэдээллийг хүргэе. Түүний хэлснээр төсөв өргөн барихад Богд Зонховын хөшөөг барих ажлын төсөв тусгагдаагүй байж. 

Харин 2021 оны төсвийг хэлэлцэх шатанд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Б.Чойжилсүрэнгийн саналаар "Богд зонхов" бурхны хөшөөг барих санал дэмжигдсэн байна. Өөрөөр хэлбэл, түүний хэлсэн гурван гишүүн Ц.Анандбазар, Б.Чойжилсүрэн, Г.Занданшатар нар болж таарах нь. 

Гэхдээ энэ нь Ч.Хүрэлбаатар асуудлаас мултрах шалтгаан биш. Учир нь тэр тухайн үед Сангийн сайдаар ажиллаж байсан. Г.Занданшатар, Ц.Анандбазар, Б.Чойжилсүрэн нарын гурван гишүүн санал гаргаж оруулж ирсэн байлаа ч байнгын хороо, чуулганы хуралдааны шат дараатай хэлэлцүүлгээр орж, УИХ-ын гишүүдийн асуултад хариулт өгч байсан Сангийн сайд мэдэхгүй өнгөрнө гэж үгүй. Тэр асуудлыг хэлж, шүүмжилж, хасуулж болох байсан ажээ.

-ЕТГ: 2022 ОНЫ ТӨСӨВТ ЕРӨНХИЙЛӨГЧ ХОРИГ ТАВИХ ЭСЭХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА-

Хамгийн ноцтой нь,  төсөв нь УИХ дээр бүрэн шийдэгдэж дуусаагүй байтал барилгын ажил нь эхэлжээ. Ингээд 2021 онд Барилгын хөгжлийн төв тус барилгыг барихад 5,5 тэрбум төгрөг хүрэхгүй, 32 тэрбум төгрөг хэрэгтэй гэх магадлал гаргажээ.  Тус магадлалаар төсвийг нь 2022 оны улсын төсөвт нэмэгдүүлсэн гэж албаны эх сурвалж мэдээллээ. Мэдээж Соёлын яамны төсөвт тусгаж нэмэгдүүлсэн. Гэтэл өнөөдөр үүнийг хэн ч мэдэхгүй гэх хариултыг өгч байна. Бүхэл бүтэн 32 тэрбум төгрөгөөр Улаанбаатар хотод бурхны хөшөө барих гэж байхад УИХ-ын гишүүд нь биш юм гэхэд  Сангийн сайд Б.Жавхлан, Соёлын сайд Ч.Номинг мэдээгүй гэх итгэхэд бэрх байна.  

Дашрамд дурдахад, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Булган аймагт 3,8 тэрбум төгрөгөөр айрагны өргөө барих санаачилгыг гарган улсын төсөвт төсвийг нь суулгаж батлуулсан байдаг. Энэ мэт алдаа, хуудуу ихтэй 2022 оны улсын төсөвт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавих уу гэдэг хүлээлт олны дунд байна. Энэ талаар бид Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяраас тодруулахад “Хориг тавих тухай асуудал яригдаагүй” гэсэн юм. Гэхдээ Ерөнхийлөгч нь бүрэн эрхийнхээ хүрээнд төсөвт бүхэлд нь болон хэсэгчилж хориг тавих эрх нээлттэй билээ. Иргэдийн хувьд уг төсөвт хориг тавих нь зүйтэй гэж үзэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг санаачилгатай ажиллахыг хүсч байна.