БАРИМТ:Авлигын хэргээр ял авсан ҮАГ-ын Тамгын газрын дарга Ц.Ганболд албан тушаалаа хашиж байна

БАРИМТ:Авлигын хэргээр ял авсан ҮАГ-ын Тамгын газрын дарга Ц.Ганболд албан тушаалаа хашиж байна

Үндэсний аудитын газрын Тамгын газрын дарга Ц.Ганболд авилга, албан тушаалын хэргээр ял шийтгэгдэж байсан ч өнөөг хүртэл төрийн албанд ажилласаар байна.

Тодруулбал, тэрбээр 2010 онд авилга албан тушаалын хэрэгт холбогдож, улмаар гурван шатны шүүхээс ял сонсож байжээ. Нарийвчилбал, Ц.Ганболд нь Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дэд даргаар ажиллаж байхдаа “Гадаадаас ажилчин оруулж ирэх зөвшөөрөл гаргаж өгнө, ажлын байрны төлбөрөөс 100 хувь чөлөөлж өгнө” хэмээн урьдчилан амлаж, БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Сүрэг агт” компанийн захирал Н.Лхамсүрэн, Тай Ян Жин, Зао Ки Кунг нараас ажлын байрны төлбөрийн 50 хувьтай тэнцэх мөнгө буюу 130 сая төгрөгийн хээл хахуульд авчээ.

Уг хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоол Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл буюу хээл хахууль авах, 268.2 хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн тул НЭГ сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, ЗУРГААН жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байна. Улмаар Улсын дээд шүүхийн 2010 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 300 дугаар тогтоолоор НЭГ сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, ДӨРВӨН жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчилсөн байна.

Харин 2012 оны хоёрдугаар сарын аравны өдөр түүний эдлээгүй үлдсэн нэг жил гурван сар 15 хоногийг тэнсэж суллажээ.

Гэсэн ч 2017 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Үндэсний аудитын газрын Тамгын газрын даргаар томилогдож, өнөөг хүртэл тус албандаа ажиллаж байгаа аж.

Нэг үгээр хэлбэл, Ц.Ганболдын ялтайд тооцох хугацаа нь дуусаагүй байхад төрийн албанд тэр дундаа удирдах албан тушаалд томилогдсон байна. Тодруулбал,  Түүнийг тухайн албан тушаалд томилогдох үе буюу 2017 оны хоёрдугаар сарын 16-нд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2.1 дэх заалт буюу Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдэж, шүүхээс ял шийтгүүлсэн, эсхүл бусад төрлийн гэмт хэрэг үйлдэж ялгүйд тооцох буюу ялгүйд тооцох хугацаа дуусаагүй этгээдийг төрийн жинхэнэ албанд томилох боломжгүй зохицуулалт хэрэгжиж байжээ. Харин учир мэдэх хүмүүс түүнийг ийнхүү ялтай байх хугацаандаа төрийн удирдах албан тушаалд томилогдож, өнөөг хүртэл ажиллаж байгаагийн цаана МАН-ын генсек Д.Амарбаясгаланг байгаа гэх юм билээ.