МЧБХ-ноос дасгалжуулагч Б.Баттулгад сахилгын хэрэг үүсгэхээр болжээ

МЧБХ-ноос дасгалжуулагч Б.Баттулгад сахилгын хэрэг үүсгэхээр болжээ

Энэ жилийн чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 53 кг-д Баянхонгор аймгийн залуу тамирчин М.Пүрэвтунгалагийн оронд ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяаг оролцуулахаар болсон.

Улмаар Пүрэвтунгалагийн аав хэвлэлийн  хурал хийж “Ямар ч аргаар хамаагүй 53 кг-д ДАШТ-д Монголоос бөх оролцуулахгүй. Хэрвээ Э.Сумъяаг барилдуулбал өлсгөлөн зарлана, амиа хорлоно” гээд МЧБХ-нд гаргасан. Тус гомдлын хариуг өчигдөр танилцуулсан байна.

Энэ үеэр МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяр “Хоёр хоногийн өмнө болсон уулзалтын үеэр үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга ёс зүйн алдаа гаргасан. Ноцтой асуудал хэлэлцэн, гэр бүлийнхэнд нь хэцүү байхад та бүхнийг ёжилж, тоглоом хийсэн нь буруу. Тиймээс түүнд сахилгын хэрэг үүсгэнэ. Мөн Пүрэвтунгалагийг дарамталсан нь тогтоогдвол шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн албан тушаалаас нь халах хүртэл арга хэмжээ авна” хэмээн мэдэгдсэн аж.