Хөвсгөл далайд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргасан алба хаагчдад төрийн одон, медаль гардууллаа

Хөвсгөл далайд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргасан алба хаагчдад төрийн одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргасан багийн бүрэлдэхүүнд төрийн одон, медаль гардууллаа.  

Монгол Улсын Засгийн газар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор 2019, 2020 онд тогтоол гаргаж, шаардагдах санхүүжилтийг нь шийдвэрлэсэн юм. Энэ дагуу Хөвсгөл нууранд живсэн 43.3 метр урт, 8.4 метр өргөн, 5.7 метр өндөртэй “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажлыг зохион байгуулсан билээ. Ингэснээр онгоцноос 400 литр техникийн тос алдагдах байсныг аюулгүй болгосон чадсан юм.  Тэгвэл өнөөдөр "Сүхбаатар" хөлөг онгоцыг нуурын гүнээс татан гаргах ажиллагаанд оролцсон онцгой байдлын алба хаагчдад төрийн одон, медаль гардууллаа. 

“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн” одонгоор 

  • ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Жамсранжавын Чүлтэмсүрэн 
  • Орхон аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ганхуягийн Ганбаатар

“Шударга журам” медиалаар

  • Үндэсний аврах бригадын эрэн хайх аврах салбарын усчин аврагч, ахлагч Жаргалсайханы Болд-Эрдэнэ 
  • НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн онцгой байдлын хэлтсийн Гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Б.Батбаатар
  • Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Лхаасүрэнгийн Бямбасүрэн
  • ОБЕГ-ын харьяа 115 дугаар ангийн хүнд механизмын жолооч, ахлагч Буяндэлгэрийн Золбоод тус тус шагнагдлаа. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 16 метрийн гүнд байсан 309 тонн жинтэй хөлөг онгоцыг тогтоосон хугацаанд осол авааргүй татаж гаргасан нийт хамт олонд талархал илэрхийллээ.