Ц.Цэрэнпунцаг: Хятад компанид зарагдсан байсан газарт “Богд Зонхова” цогцолбор барих гэж байгаад баяртай байна

Ц.Цэрэнпунцаг: Хятад компанид зарагдсан байсан газарт “Богд Зонхова” цогцолбор барих гэж байгаад баяртай байна

Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах Тасганы овоо дээр “Богд Зонхов” бурхны хөшөөг 32 тэрбум төгрөгийн өртөгтэй барих шийдвэрийг УИХ гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар “У.Хүрэлсүхийн Засгийн газар төсөв өргөн барихад энэ төсөл байгаагүй. Гурван гишүүний саналаар нэмэгдсэн” хэмээсэн. Нэр бүхий гурван гишүүд нь Ц.Цэрэнпунцаг, Ц.Анандбазар, Г.Занданшатар нар гэх мэдээлэл цацагдаад буй. Төслийн асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, “Боловсрол, эрүүл мэндэд их над, их наядаар нь мөнгө тавьсан. Үүнийг  хүрэх ёстой хүмүүстээ хүрч байгаа эсэх тал дээр анхаарах ёстой шүү. Боловсролын салбарт 2.4 их наяд, эрүүл мэндийн салбарт 1.2 их наяд төгрөг төсөвлөсөн.

Бид нарын амьдрал үргэлжилж байна. Ковидтой байна гээд бид нар хүүхдээ сургуульд нь явуулахгүй байх уу. Өвчин зовлонтой иргэдээ яах вэ.

Үүний хажуугаар бүгдийг нь авч явах хэрэгтэй шүү дээ. Улс, орнууд хилээ нээгээд эхэллээ. Монголд жуулчид ирээд юуг үзэж харах вэ. Би энэ төсөл үргэлжлэх ёстой гэж бодож байна.  Харин ч Хятад компанид зарагдсан байсан газарт “Богд Зонхова” цогцолбор барих гэж байгаад баяртай байна. Гэхдээ одоогоор төсвөөс нэг ч төгрөг гараагүй. "Богд Зонхова" гэдэг ТББ зураг төсөл зэрэг ажлыг хариуцаж явдаг юм билээ. Энэ төв хэрэгтэй болоод л УИХ-аар шийдвэрлэсэн” гэв.