“Эрээн боомтыг нээхэд Монголын ЗТХЯ-ны бэлтгэл хангалтгүй байгааг” өчигдөр болсон цахим уулзалтын үеэр онцолжээ

“Эрээн боомтыг нээхэд Монголын ЗТХЯ-ны бэлтгэл хангалтгүй байгааг” өчигдөр болсон цахим уулзалтын үеэр онцолжээ

БНХАУ-ын Эрээн хотод коронавирусийн халдвар гарсан тул Эрээн боомтын үйл ажиллагааг зогсоож, тодорхойгүй хугацаанд хилээ хаагаад байгаа билээ. Энэ нь манай улсын худалдаа, эдийн засагт сөргөөр нөлөөлж эхлээд буй.

Харин БНХАУ-ын талаас Эрээн боомтоор хилээ нээхийн тулд манай улсад дараах дөрвөн шаардлагыг тавьсан байдаг.

ҮҮНД:

  • Хятадын талын урьд нь тавьсан саналын дагуу хилийн тэг цэгт чингэлэг шилжүүлэх ачих талбайг Хятадын хөрөнгө оруулалтаар байгуулж, өдөрт нэг талдаа 50 чингэлэг солилцох
  • Чингэлэгт багтахгүй овор ихтэй ачааг хоёр талаас нэг стандартын тодорхой тооны машин гаргаж толгой солих байдлаар шийдвэрлэх. Ийм төрлийн ачаа харьцангуй цөөн бөгөөд энэ зохион байгуулалтыг хоёр талын Боомтын зөвлөл харилцан тохирч чингэлэг тээврийг түр зогсоон мөн дээрх зарчмаар хэрэгжүүлэх
  • Чингэлгийн түрээсийн зардал, дундын талбайн ариутгалыг Хятадын тал бүрэн хариуцах
  • Эрээнд байгаа 31 жолоочийг хил нээсэн даруйд Монгол руу буцааж, Хятад талын тээврийн хятад жолоочоор хийлгэх.

Тэгвэл өчигдөр /2021.11.25/ БНХАУ-ын Эрээний боомтыг тодорхой хязгаарлалттай нээхэд хоёр талын бэлтгэл ажил хангагдсан эсэх талаар Монгол Улс, БНХАУ-ын хооронд цахим хурал болсон байна.

Харин тус уулзалтын үеэр манай Зам, тээврийн хөгжлийн яамны бэлтгэл ажил хангалтгүй байсныг эх сурвалж онцоллоо. Улмаар иргэд чөлөөтэй зорчих асуудал ойрын хугацаанд шийдэгдэх нь тодорхойгүй байгаа бол, Чингэлэг тээврийг энэ сарын 30 /2021.11.30/-ны өдөр туршиж үзээд 10 хоногийн дараа чингэлэг тээврийг солилцож эхлэх ажээ. Хамгийн чухал нь манай тал энэ хугацаанд бэлтгэлээ сайтар хангах шаардлагатай байгаа аж.