СУДАЛГАА: 22-23 цагт тогтмол унтах нь зүрхний шигдээс, цус харвалт үүсэх эрсдэлийг бууруулдаг

СУДАЛГАА: 22-23 цагт тогтмол унтах нь зүрхний шигдээс, цус харвалт үүсэх эрсдэлийг бууруулдаг

Их Британийн эрдэмтэд 88 мянга гаруй сайн дурынханд судалгаа хийсний үр дүнд оройн 22 цагаас 23 цагийн хооронд тогтмол унтах нь зүрхний шигдээс, цус харвалт үүсэх эрсдэлийг бууруулдаг гэдгийг тогтоожээ.

“European Heart Journal” сэтгүүлд нийтлэгдсэн уг судалгаанд дурдагдсанаар 88 мянга гаруй иргэнд зүрхний үйл ажиллагааг хянах тусгай зориулалт бүхий бугуйн цаган төхөөрөмжийг зүүж, унтах, сэрэх цагийн мэдээллийг цуглуулсан байна. Мөн зургаан жилийн хугацаанд судалгаанд хамрагдагсдын зүрхний үйл ажиллагаа, цусны эргэлтийн байдлыг ажиглажээ. Ингэхэд 3 мянга гаруй иргэн зүрх судасны өвчнөөр өвчилсөн байна. Тэдгээр иргэнд нийтлэг ажиглагдсан зүйл нь ихэвчлэн 22.00-23.00 цагаас хожуу эсвэл эрт унтдаг байжээ. 

Судлаачид зүрхний өвчлөлд нас, жин холестерины түвшин зэрэг бусад эрсдэлт хүчин зүйл нөлөөлдөг эсэхийг тогтоохыг оролдсон боловч хараахан нотолж чадаагүй байна. Учир нь зүрх судасны өвчлөлд өртсөн тэдгээр 3 мянган иргэн бүгд харилцан адилгүй нас, биеийн жинтэй байсан аж. 

Судалгааны зохиогч Доктор Дэвид Планс “Энэ судалгаанаас хэтэрхий эрт эсвэл хэтэрхий орой унтах нь хүний биеийн биологийн цагийг алдагдуулж, зүрх судасны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэдгийг харж болно” гэжээ. 

Эх сурвалж: BBC