Шинээр Их Британи, Итали, Герман улсуудад Омикрон хувилбар бүртгэгдлээ

Шинээр Их Британи, Итали, Герман улсуудад Омикрон хувилбар бүртгэгдлээ

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад илэрсэн коронавирусийн “B.1.1.529” хувилбарыг Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага “variant of concern” буюу “онцгой анхаарал татаж буй” ангилалд оруулж, “Омикрон”хэмээн нэрлэсэн билээ. Омикрон хувилбар 11 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөд Африкт илэрсэн талаар ДЭМБ мэдэгдсэн.

Өчигдрийн байдлаар/2021.11.27/ Ботсвана, Бельги, Хонконг, Израильд тус хувилбар бүртгэгдээд байсан бол шинээр Европын гурван оронд тус хувилбараар өвчилсөн тохиолдол батлагджээ. Тодруулбал, Их Британи, Герман, Итали улсуудад Африкаас ирсэн иргэдэс халдвар илэрсэн байна. 

Их Британид хоёр тохиолдол бүртгэгдсэний дараа тус улсын засгийн газар хорио цээрийн дэглэмээ чангатгах арга хэмжээнүүдийг Даваа гарагаас авч эхлэхээр болов. Тухайлбал, Африкийн дөрвөн улсыг агаарын тээврийн хоригтоо нэмсэн байна. Мөн гадаадаас ирж буй бүх иргэдээс PCR шинжилгээ авч, хариу баталгаажих хүртэл тусгаарлах журам мөрдөхөөр болжээ. Хэрэв тухайн хүнээс шинэ мутацийн халдвар илэрвэл ойрын хавьтал болсон хүмүүсийг вакцин хийлгэсэн эсэхээс үл хамааран 10 хоног тусгаарлах аж. 

Мөн маргаашаас эхлэн олон нийтийн үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхдээ заавал амны хаалт зүүх шаардлагатайг тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдэв. Гэхдээ Борис Жонсон уг арга хэмжээнүүд нь түр зуурынх байх бөгөөд энэ жилийн Зул сарын баяр 2020 онтой харьцуулахад “илүү дээр” байх болно” гэжээ.

Италийн хувьд Омикрон хувилбараар өвчилсөн 6 тохиолдол батлагдаад байна. 11 дүгээр сарын 11-ний өдөр Мозамбикаас Ром хотод нэг иргэн болон гэр бүлийн таван хүнээс халдвар илэрч, тусгаарлажээ. Италийн эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлж буйгаар өвчтөнүүдийн биеийн байдал сайн байгаа аж. 

Германд 11 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсаас ирсэн хоёр иргэнээс Омикрон хувилбар илэрсэн байна. Тэдний шинжилгээний хариу хараахан баталгаажаагүй байгаа ч Омикрон хувилбар байх өндөр магадлалтай гэж үзэж байгаа аж. 

Омикрон нь дотроо маш олон төрлийн мутацийг агуулж байгаа тул бусад хувилбараас халдварлах чадвар өндөр, вакцины үр дүнд тогтсон дархлаа болон байгалийн дархлааг “эвдэх” чадвартай байж болзошгүй хэмээн тархвар судлаачид болгоомжилж байна. 

Эх сурвалж: BBC