Д.Амарбаясгалан гишүүдийг дуудан УИХ-ыг тараах бичигт гарын үсэг зуруулж байна

Д.Амарбаясгалан гишүүдийг дуудан УИХ-ыг тараах бичигт гарын үсэг зуруулж байна

-АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГААР ГАНЦ Л АСУУЛТ АСУУНА-

Энэ долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж ард нийтийн санала суулгыг яг хэзээ, хэдний өдөр хэдэн төгрөгөөр зохион байгуулах эсэхийг тодорхой болгоно. Урьдчилсан шийдвэрээр ирэх аравдугаар сарын 30-ны өдөр ард нийтийн санал асуулгыг зохион байгуулна гэж буй. Тус ажлыг зохион байгуулахад нийт 29 тэрбум төгрөг шаардлагатай гэж Төрийн байгуулалтын байнгын хорооны үеэр Д.Лүндээжанцан тэргүүтэй гишүүд хэлсэн. Гэтэл Сонгууийн ерөнхий хорооноос 12.5 тэрбум төгрөгөөр зохион байгуулах саналыг УИХ-д хүргүүлсэнч Төрийн байгуулалтын байнгын хороон дээр өртгийг нэмж 29 тэрбум төгрөг болгож байна гэх шүүмжлэл бий. Ямартайч ард нийтийн санал асуулга явуулах УИХ-ын шийдвэр гарсан. Харин иргэдээс ямар асуултыг асуух вэ гэдэг нь олны анхаарлыг татаж байна. Үндсэн хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулиар ард нийтийн санал асуулгаар гурван асуулт асуух боломжтой.

Гэхдээ ард нийтийн санал асуулгаар ганцхан асуулт л асууна гэж албаны эх сурвалж мэдээллээ. ТОДРУУЛБАЛ, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж буйг дэмжинэ, дэмжихгүй л гэж асуухаар тохирчээ. Өөр нэмэлт асуулт асуухгүй гэж МАН-ынхан ярилцсан байна.

МАН-ЫН ГЕНСЕК ГИШҮҮДИЙГ ДУУДАН УИХ-ЫГ ТАРААХ
БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛЖ БАЙНА

МАН-ынхан ард нийтийн санал асуулгын товыг тогтоолгүй цаг хожиж буй нь одоогийн УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль зарлахаар бэлтгэсэнтэй холбоотой гэх мэдээлэл гарч эхэллээ. Тодруулбал, эрх баригчид ард нийтийн санал асуулгатай хамтатган УИХ-ын ээлжит бус сонгуулийг явуулахаар бэлтгэж байгаа аж. Энэ нь  тэдэнд ашигтай.

Сүүлийн өдрүүдэд МАН-ын дарга Д.Амарбаясгалан өрөөндөө гишүүдийг дуудаж УИХ-ыг тараах бичигт гарын үсэг зуруулж байгаа талаар эх сурвалж  мэдээллээ. Тэрбээр мөн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн арын өрөөнд уг ажлаа амжуулж буй сурагтай байна.

Д.Амарбаясгалан гишүүдийг дуудан “Хэрвээ гарын үсэг зурахгүй бол 13 гишүүний ЖДҮ-ийн асуудлыг сөхөж, бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-аар оруулж ирнэ. Мөн бусад гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн хэргийг сөхнө” гэжээ. УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль явуулах бичигт 40 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан гэдэг нь худал аж. Яг хэдэн гишүүн зурсан нь одоогоор тодорхойгүй байна. Гарын үсгийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн бланкан дээр явуулж буй аж. 

Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт энэ асуудлаар өмнө нь тус намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, бүлгийн даргаар ажиллаж байсан хүмүүстэй уулзаж дотночлон ярилцсан байна. Уулзалтад ирсэн хүмүүсээс УИХ-ын гишүүн М.Энхболд, Д.Хаянхярваа нар мөн ээлжит бус сонгууль явуулахыг эсэргүүцсэн байна. Тэд уг асуудлыг нэлээн хурц шүүмжилжээ. 

Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Мөнхбат, Л.Оюун-Эрдэнэ нар дэмжсэн байр, суурийг илэрхийлсэн байна.

Харин У.Хүрэлсүх “Ээлжит бус сонгуулийг заавал явуулах гэсэнгүй. Та бүхний байр, суурийг сонсож байна. Ингэснээр хоёр хуваагдсан байр, суурийг нэгтгэх боломжтой болж байна” гэжээ. Харин энэ зургаар зарим гишүүд тойрогтоо ажиллаж байгаа тэр бүү хэл эмч, багш нарыг сонгуулийн сурталчилгааны  бэлтгэл ажилдаа туслуулж эхэлсэн гэх мэдээлэл байна.

Ямартай ч ээлжит бус сонгууль явуулах нь хуулийн хувьд боломжтой байгаа юм. Гэхдээ МАН  тун ухаантай хөдлөхгүй бол амаа ар дээрээ гартал алгадуулах магадлал өндөр. Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн тоог нэмэх, таван жилээр ажиллуулах зэрэг ард түмний дургүйцлийг хүргэсэн асуудлыг олон удаа ярьсан. Тэгэхээр тэд цаашид хэрхэн хөдлөх, хэнтэй яаж тохиролцохоо тун чамбай боловсруулж буй сурагтай.

Сонгуулийн тухай хууль: 8.4.Ээлжит бус сонгууль гэж ээлжит сонгуулийн хугацаанаас өмнө явагдах сонгуулийг хэлнэ.

8.5. Ээлжит бус сонгууль дараах тохиолдолд явагдана:

  • 1.Улсын Их Хурлын бүрэн эрх нь хугацаанаасаа өмнө дуусгавар болсон;
  • 2.Ерөнхийлөгч огцорсон, нас барсан, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн;
  • 3.Орон нутгийн хурлын бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон.

17 дугаар зүйл. Ээлжит бус сонгууль товлон зарлах:

17.1.Улсын Их Хурал болон Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө ээлжит бус сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш ажлын 20 өдрийн дотор энэ хуульд нийцүүлэн Улсын Их Хурал товлон зарлана.

17.2.Орон нутгийн хурлын ээлжит бус сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө ээлжит бус сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш ажлын 20 өдрийн дотор энэ хуульд нийцүүлэн тухайн орон нутгийн хурлын Тэргүүлэгчид товлон зарлана.




Улаанбаатарт 23 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө