ВИДЕО: Үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд үймээн, самуун дэгдээсний улмаас Казахстанд онц байдал зарлалаа

ВИДЕО: Үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд үймээн, самуун дэгдээсний улмаас Казахстанд онц байдал зарлалаа

2022 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн Казахстан улсын эрх баригчид ахуйн шингэрүүлсэн хийн үнийг чөлөөлсөн. Гэвч уг шийдвэр хэрэгжиж эхэлсний дараа үнэ нь нэг шөнийн дотор хоёр дахин өсжээ. Үүнийг эсэргүүцсэн иргэд жагсаал зохион байгуулж, цагдаа нартай мөргөлдөн эмх замбараагүй байдал үүсгээд байна.  

Казахстаны хамгийн том хот Алматыд жагсаал ширүүсэж, иргэд цагдаагийн албан хаагчдын автомашиныг галдан шатааж буй бичлэг цахим сүлжээнд түгжээ. Мөн эсэргүүцэгчид Алматы хотын захиргааны байр руу дайрч эхэлсэн тул цагдаа нар нулимс асгаруулагч хий, хурц гэрэл гаргагч гранат зэргийг ашиглаж жагсаалыг тараахыг оролдсон байна.

Эмх замбараагүй байдал хүчирхийлэл болж эхэлсэн учир Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев өнөө өглөө Алматы болон баруун хэсгийн Мангистау мужид хоёр долоо хоногийн хугацаатай онц байдал зарласан талаар “Reuters” мэдээлэв. Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны вэбсайтад нийтэлсэн албан бичигт “Онц байдал зарласан хоёр бүс нутагт хоёр долоо хоногийн хугацаанд хөл хорио тогтоож, олон нийтийн цугларалт хийхийг хориглосон байна” гэв.

Өмнө нь тус улсын эрх баригчид ахуйн шингэрүүлсэн хийн үнийг олон жилийн турш хүчээр тогтоож ирсэн юм. Гэвч цаашдаа үнэ тарифыг хатуу тогтоох боломжгүй болсон учир ийм шийдвэр гаргахаас өөр аргагүй нөхцөл байдал үүслээ хэмээн албаныхан тайлбарлаж байв. Гэвч өнөөдөр өглөө засгийн газрын хуралдааны үеэр тэмцэгчдийн тавьж буй шаардлагын талаар хэлэлцэхээ Касым-Жомарт Токаев амласан байна.

Казахстан нь газрын тосны олборлолтоор дэлхийн тэргүүлдэг улсуудын нэг бөгөөд байгалийн хийн олборлолтоор эхний 20-д багтдаг юм.

Сонирхуулахад одоогоос 10 жилийн өмнө тус улсад үүнтэй төстэй үйл явдал мөн болж байжээ. Тодруулбал, шатахууны үнэ огцом өссөний дараа иргэд мөн эсэргүүцэл зарлаж, цагдаа нартай мөргөлдөж байв. Тухайн үед Казахстаны газрын тосны төв болсон Жанаозен хотод болсон жагсаалд олон мянган хүн оролцож байжээ.

Эх сурвалж: Reuters