Монголчууд сошиалаар хэрхэн мөнгө олдог вэ

Монголчууд сошиалаар хэрхэн мөнгө олдог вэ

Олон нийтийн сүлжээ буюу Youtube, Instagram, Facebook, Twitter, Tik tok зэрэг платоформуудаар дамжуулан улс төр, бизнесийн салбарынхан маркетинг, PR-аа хийж эхлээд байна. Тэд олон дагагчтай хаягуудаар дамжуулан ил болон далд сурталчилгаа хийж, олон нийтэд нөлөөлөхийг орчин үеийн арга болгон сонгожээ. Уг платформуудыг ихэвчлэн хоёр янзаар буюу нэгдүгээрт улс төрийн, хоёрдугаарт сурталчилгааны зорилгоор ашиглана.

FACEBOOK-ИЙН ХЭРЭГЛЭГЧИД

Фэйсбүүк платформын хэрэглээний түвшнээр Монгол улс олон улсад дээгүүр бичигддэг. Найман настнаас 80 настан хүртэл фэйсбүүк хаягтай байдаг тул хэвлэл мэдээллийн хэрэгслээс гадна уг сүлжээг ашиглах бизнес хандлагууд их бий. 

Иймд Монгол улсад олон дагагчтай хаяг, олон лаяктай фэйсбүүк хуудсаар мөнгө олох боломжтой. Өөрийн хувийн хаягаас зөвхөн нэг пост оруулахад тухайн байгууллагын санал болгосон мөнгөн дүнгээс шалтгаалан 20, 50, 100 гэх мэтээр өснө. Үүнд ихэвчлэн, ямар нэгэн аян, уриалга, кино үзвэрийн тухай сэтгэгдэл зэрэг багтдаг. Харин улстөрийн холбогдолтой постууд арай өндөр үнэ амлах нь дамжиггүй.

Монголд дагагчийн тоогоор фэйсбүүк хуудсыг үнэлэн худалдаж авна. Тухайлбал, 20К дагагчтай хуудсыг багадаа .... төгрөгөөр, 200К орчим дагагчтай бол жинхэнэ хэрэглэгчидтэй эсэхээс шалтгаалан 5-10 сая орчим төгрөг болно.

TWITTER-ИЙН ЖИРГЭЭЧИД

Твиттер хаягаараа дамжуулан суртал ухуулга, сурталчилгаа хийх горим фэйсбүүкийнхтэй төстэй. Гэхдээ уг платформд өөрийн дагагчаа 5К-аас дээш өсгөж чадсан бол 500 мянган төгрөгийн үзүүрээс атгаад авлаа гэсэн үг. Энэ ертөнцөд олонд танигдаагүй ч дагагчийн тоогоо 5К-д хүргэж чадсан бол хамгийн бага үнээр /250-500 мянга/, 10К бол дундаж /1 сая/, 20-25К дагагчтай тохиолдолд өндөр /2.5-3 сая/ гэх мэтээр дээшилнэ. Монголд алдартай жиргээчид, тухайлбал, “Цангис”, “Танхай эмээ” зэрэг хаягууд энэ журмаар худалдаалагдаж, өөр хүн эзэмших болсон тухай тэд ярилцсаар байна.

Үүнээс гадна тэд богино текст ашиглан сурталчилгаа хийж өгөх нь элбэг. Өөрийн ордог үсчин, сурдаг сургууль, суралцах гэж буй курс, хоолны газар, дэлгүүр, ном гээд л бүх төрөлд сурталчилгаа хийж чаддаг. Дагагчийн тоогоос шалтгаалж нэг жиргээний үнэ тодорхойлогдоно.

INSTAGRAM-ИЙН ИНФЛЮЕНСЕРҮҮД

Монголд инстаграмм хуудсаар дамжуулан мөнгө олох бизнес нэлээд хожуу эхэлсэн гэж хэлж болно. Өнөөдөр манайд “Ganzaya Gn”, “Tugo116”, “Unabold”, “Anguuch_b”, “Uranzaya_0202”, “Jayel_js”, “Jason” зэрэг олон инстаграмчид бий. Тэд ихэвчлэн өөрсдийн сториг ашиглан өдөр тутамд хэрэглэж буй гоо сайхны бүтээгдэхүүн, хоол хүнс, хувцас хунар, гоёл чимэг, үйлчлүүлж буй дэлгүүр, ресторан, кофе шоп зэргийг гаргана. Ингэхдээ тэр бүр шууд мөнгө аваад байхгүй ч бартерийн боломжийг ашиглан бизнес хийдэг. Тэдний хэрэглэж буй эдлэл хэрэгслийг дагагчид нь даган дуурайх, сонирхон үзэх байдлаар борлуулалтын тоо өсөхөд дэмжлэг үзүүлдэг байна.

Инстаграмыг жинхэнэ бизнес утгаар нь ашиглаж байгаа Монгол хэрэглэгчид бол АНУ-д амьдардаг хосууд “Ganzayagn”, 116 бүжгийн студийн захирал “Tugo116” нар юм. Тэд өөрсдийн инстаграм хуудсыг зурган контентоор хөгжүүлж, өмсөж зургаа авахуулсан хувцасаа сурталчилж өгдөг.  Л.Ганзаяа нь нэг удаагийн постоо 500 орчим доллараар үнэлдэг тухайгаа хэлсэн нь бий. Тэд инстаграм ашиглан хэрхэн мөнгөтэй болж болох тухай лекц, хичээлүүдийг үнэ төлбөртэй явуулдаг.

YOUTUBER

Сүүлийн хоёр жилийн хугацаанд Монголд өөрийн гэсэн юүтүб суваг нээж, 100К дагагчтай болж “Silver button”-ыг Юүтүбийн компаниас хүлээн авах нь нэр төрийн хэрэг болоод байна. Өнөөдөр Монголд идэвхитэйгээр сувгаа хөтөлж буй “Artger”, “Mongolian youtuber Tushig”, “Bilgunss”, “The Mongolian Family”, “Jason Jayel” зэрэг олон юүтүбер бий.

Тэд дагагчийн тоогоо 1000 болгосон тохиолдолд юүтүбээс цалинжах боломжтой болж эхэлдэг ч түүнээс хойш тэдний бичлэгийг хэдэн хүн үзсэн гэдгээс бус хэр удаан үзэж суусан бэ гэдэг нь чухал болж эхэлдэг. Нөгөөтэйгүүр Монголын бизнесийн байгууллагууд юүтүб платформыг төдийлөн зар сурталчилгаандаа ашиглаж, “ad” хийхгүй байгаагаас Монголын юүтүберүүд хичнээн олон дагагчтай байсан ч төдийлөн орлого олж чаддаггүй.

Нэг үгээр хэлбэл бичлэг эхлэхийн өмнө гарах сурталчилгааны мөнгийг тухайн бизнесийн байгууллага Юүтүб-д өгөхөд уг орлогын 45 хувь нь контент бүтээгчдэд орлого болон очдог байна.




Өнөөдөр бар өдөр

15 цагийн өмнө