Л.Энх-Амгалан: Сурагчдын дийлэнх хувь нь сэтгэл санааны зовнилтой байна гэсэн судалгааны үр дүн гарсан

Л.Энх-Амгалан: Сурагчдын дийлэнх хувь нь сэтгэл санааны зовнилтой байна гэсэн судалгааны үр дүн гарсан

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд иргэдийн сурч боловсрох эрхийг хангах, хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Цахим сургалтын чанар хангалтгүй байгааг саяхан улс орон даяар явуулсан оношилгооны үнэлгээний дүн харууллаа. Багш нарын мэдээлэл харилцаа технологийн ур чадвар, сургалтын дэд нэгдсэн дэд бүтэцгүй байсан нь чанар хангалтгүй байхад нөлөөллөө.

Түүнчлэн БШУЯ-ны яам НҮБ-тай хамтран 2020 онд хийсэн Хүүхдийн нийгэм, сэтгэл зүйн асуудал эрсдэлийг илрүүлэх судалгаагаар сурагчдын 76,8 хувь нь сэтгэл санааны зовнилтой, 6-13 насны хүүхдэд стресс бухимдал хэвийн үзүүлэлтээс өндөр байгаа бөгөөд сурагчдын дийлэнх хувь нь цар тахлын улмаас сургалтаар хоцрогдохоос айж байгаа тул энэхүү айдсыг багасгахын тулд дэмжлэг туслалцаа шаардлагатай гэж дурдагдсан байна. Сургуулийн орчинд үзүүлдэг байсан хүүхэд хамгаалал, нийгэм сэтгэл зүйн бусад үйлчилгээ зогссоны улмаас хүүхэд гэр бүлийн орчинд хүчирхийлэлд өртөж, гэмт хэрэгт холбогдож байна. 2021 оны 11 дүгээр сарын байдлаар гэмт хэргийн улмаас 1223 хүүхэд хохирч, 75 хүүхэд нас барж,  494 хүүхэд гэмтсэн нь өмнөх мөн үеийнхтэй харьцуулахад 9,9 хувиар нэмэгдсэн байна. Иймд энэ хичээлийн жилээс ЕБС-д боловсролын сэтгэл зүйчийг ажиллуулж эхлээд байна. Өнөөдрийн байдлаар 150 сургуульд мэргэшсэн сэтгэл зүйч ажиллаж байна. Цаашдаа бид ЕБС-ийн бүх сургуульд сэтгэл зүйч ажиллуулахаар бэлтгэл ажлуудыг хангаж байна” гэв. 




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө