ТОЙМ: Улс төрчдийг мэргэжлийн холбоодоос холдуулах хуулийн төслийг хэлэлцэхэд ХЭН, ХЭН сандрав

ТОЙМ: Улс төрчдийг мэргэжлийн холбоодоос холдуулах хуулийн төслийг хэлэлцэхэд ХЭН, ХЭН сандрав

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн 143 хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн ч УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан юм

-Б.СОЛОНГОО: ХОЛБООНЫ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТӨРИЙН АЛБАН ХААГЧ АЖИЛЛАХЫГ ХОРИГЛОНО-

Тодруулбал, МАН-ын бүлгийн гишүүдийн хувьд "Тус хууль нь Үндсэн хуулиар олгогдсон иргэний эвлэлдэн нэгдэх эрхийг ноцтойгоор зөрчихөөр байна" гэж үзэж буйгаа илэрхийлээд завсарлага авсан. Харин хууль санаачлагчдын хувьд иргэний дээрх эрхийг хязгаарлаагүй харин улс төрийн оролцоог хумина гэсэн тайлбарыг хэлж байгаа юм. 

Хуулийг төслийн агуулгань иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагыг улс төрөөс ангид байлгах, хяналт хариуцлагыг сайжруулах тухай юм.

Энэ талаар хуулийн төслийг санаачлагч ажлын хэсгийн гишүүн ХЗДХ-ийн хэргийн сайд Б.Солонгоо хэлэхдээ “Төслийн 9 дүгээр зүйлийн 9.2-т, Холбооны удирдах болон гүйцэтгэх албан тушаалд төрийн үйлчилгээний албан тушаалтнаас бусад төрийн албан хаагч ажиллахыг хориглоно гэж заасан. Мөн улс төрийн намын удирдлага, намын санхүүгийн албаны даргыг оролцуулахгүй байхаар тусгасан байна. Хууль батлагдсанаар, нийгэмд тустай, ашгийн төлөө бус холбоодын хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулахад сайн нөлөөтэй” гэсэн юм.

Үүнийг ч зарим улстөрчид дэмжсэн. Тэр дундаа УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Махны үнэ нэмэгдээд байна гэж ярьдаг. Гэтэл Махны холбооны дарга нь улс төрч байдаг. Тэгэхээр асуудлыг улс төрчидтэй ярилцах юм. Одоо энэ юм аа больцгооё бүгдээрээ" гэсэн юм. 

Энэ нь улс төрчдийг төрийн бус байгууллага, холбоодыг удирдах, хувь эзэмших зэргээс хол байлгана гэсэн логик. Уг нь УИХ-ын гишүүн төрийн бус байгууллагын тэргүүний албыг давхар хаших нь хуулиар хориотой байсан. Гэвч 2020 онд УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа, 42.1.4-ийг “...бүрэн эрхт хугацаандаа төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаалыг хаших эрхтэй...” гэсэн заалт нэмсэн юм.

Тэгвэл улс төрчдөөс хэн, хэн холбоод удирддаг болохыг уншигчдад танилцуулж байна. Энэ дундаа спортын холбоодыг онцоллоо. Түүнээс нийгмийн бүхий л салбарт улстөрчид холбоод тэргүүлж буй билээ.

Улс төрчдийн хувьд спортын холбоодыг тэргүүлэх сонирхолтой байдаг. Энэ нь нэр хүндээ өсгөх нэг хэлбэр бөгөөд улс төрд PR болгон ашиглах арга юм. Мөн томоохон холбоодод гадна, дотны санхүүжилтээр ихээхэн хөрөнгө эргэлддэг гэх мэдээлэл ч байдаг.

Өнөөдрийн байдлаар

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар-Монголын боксын холбоо

УИХ-ын гишүүн Н.Энхболд-Буудлага спортын холбоо

Сангийн сайд Б.Жавхлан- Монголын хоккейн холбоо

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ- Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо

Ерөнхийлөгч асан Х.Баттулга-Жүдо бөхийн холбоо

НИТХ-ын дарга асан Ц.Сандуй- Монголын Триатлоны холбооны тэргүүн

Сайд асан П.Цагаан: Монголын байт харвааны холбооны тэргүүн

УИХ-ын гишүүн асан А.Ундраа- Монголын даамын холбоо

УИХ-ын гишүүн асан Л.Болд- Монголын хөнгөн атлетикийн холбоо

УИХ-ын гишүүн асан Я.Санжмятав-  Монголын шатрын холбоо зэргийг тэргүүлж байна.