С.Энхболд: Омикрон хувилбарын таван тохиолдол дотоодод бүртгэгдлээ

С.Энхболд: Омикрон хувилбарын таван тохиолдол дотоодод бүртгэгдлээ

Эрүүл мэндийн сайд С.Энхболд коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар өнөөдөр /2022.01.09/ мэдээлэл өглөө.

Тэрээр "Манай улсын хувьд өнгөрсөн баасан гарагт гаднаас ирсэн иргэдийн 12 сорьцонд омикрон хувилбар бүртгэгдсэн гэдгийг мэдэгдсэн. Манайд геномын дараалал тогтоох лабораторийг ХӨСҮТ-д өнгөрсөн оны 12 дугаар сард суурилуулж, шинжилгээ хийж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд гадаадаас ирж байгаа иргэдийн сорьц болон дотоодын сорьцуудад геномын дараалал тогтоох шинжилгээг хийж байсан.

Өнөөдөр дотоодын таван тохиолдолд омикрон хувилбар бүртгэгдлээ. Энэ долоо хоногт өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай байна.

Сүүлийн хоёр хоногт нийслэлд өдөрт 700-800 тохиолдол, орон нутагт 200-300 тохиолдол бүртгэгдэж байна. Сэлэнгэ, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай аймгуудад өдөрт 50-аас дээш тохиолдол батлагдаж байна. Вакцинжуулалтад хүн ам идэвхтэй хамрагдаж байна. Нийт хүн амын 25.5 хувь нь нэмэлт тунд хамрагджээ. Түүнчлэн өнөөдрийн байдлаар 2000 иргэн дөрөвдүгээр тунд хамрагдаад байна. Сүүлийн өдрүүдэд өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгаа нь халдварын дөрөвдүгээр давлагаа эхэлж байгааг харуулж байна.

Дөрөвдүгээр тунгийн оргил үе нэгдүгээр сарын сүүл хоёрдугаар сарын эхээр байна гэж тооцоолсон. Омикрон хувилбар нь дельта хувилбартай харьцуулахад харьцангуй хөнгөн шинж тэмдэгтэй байна.

Коронавирусийн дөрөв дэх давлагаа нь томуугийн дэгдэлттэй зэрэгцэж байгаа учраас орны ачаалал нэмэгдэхээр байна. Тиймээс бид эхний ээлжинд хүүхэд, жирэмсэн эхчүүд, архаг, суурь өвчтэй хүмүүсийг эрэмбэлэн эмчилнэ. Засгийн газар, УОК, ЭМЯ энэхүү давлагааг хөл хорио тогтоохгүйгээр энэ давлагааг давахаар ажиллаж байна" гэсэн юм.