Ш.Раднаасэд: Ардчилсан намын дарга, тамга тэмдгийн асуудлыг чуулганаар хэлэлцэх ямар ч үндэсгүй

Ш.Раднаасэд: Ардчилсан намын дарга, тамга тэмдгийн асуудлыг чуулганаар хэлэлцэх ямар ч үндэсгүй

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ардчилсан намын дарга, тамга тэмдэгтэй холбоотой асуудлыг хэлэлцэж, гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Улсын дээд шүүхээр даргын асуудал яриад байна. Улсын дээд шүүх маргалдагч талуудын өгсөн бичгүүдэд л хариу өгчхөж байгаа юм.. Намын чинь дотоод асуудалд оролцохгүй гэдэг ганцхан агуулгатай. “Та нар нэг албан бичиг, нэг тамгатай, нэг дарга оруулаад ир. Тэгвэл бид бүртгээд л өгье” гэж байгаа шүү. Тиймээс энд асуудал шийдэх нь ямар ч утга учиргүй. Маргалдаж байгаа хоёр тал хоёулаа МАН дээр очин “Манай намын асуудлыг шийдэж өг” гэдгээ болих хэрэгтэй. Өөрсдөө эвтэй бай, хэн нэгнээр хэрүүлээ бүү шийдүүл. Ардчилсан намын дарга, тамгын асуудлыг Ардын намтай хэлэлцэж байж авдаг юм. 100 мянган гишүүний гарын үсгийг та нар зөвшөөрөхгүй бол өөрсдөө дөрөв, дөрвөн хүн гаргаад ажлын хэсэг байгуулаад учраа ол. Юун их хурал, юун ажлын хэсэг вэ” гэв.

С.Эрдэнэ “Хэрэв хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол гомдож байгаа тал Үндсэн хуулийн цэц дээр асуудлаа тавих нь нээлттэй байгаа. Хоёрдугаарт, Улсын дээд шүүхийн тамгын газрын дарга н.Амардэлгэр энэ олон гишүүний нүүрийг харж байгаад худал хэлж байна. Улсын дээд шүүхийн тогтоол шийдвэрээр өнөөдөр хүчин төгөлдөр бүртгэлтэй байгаа АН-ын дарга хэн юм бэ гэдэг нэг л асуулт асууж байхад хариулж өгөхгүй тойруулж, булзайруулаад байна. Улсын дээд шүүхийн 2017 оны гуравдугаар сарын 15-ны өдрийг 01 тогтоолоор АН-ын дарга С.Эрдэнэ гэж албан ёсоор тогтоол шийдвэр гараад бүртгэчихсэн байгаа. Өнөөдөр уг тогтоол хүчин төгөлдөр хэвээрээ байгаа” гэв.

УИХ-ын гишүүн Д.Ганбат “Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон нөхөн сонгууль саяхан явагдлаа. Тэр сонгуулиуд ямар тамга тэмдгээр явагдсан юм бэ. Энэ хоёр сонгууль хүчингүй болбол сонгогдсон хүмүүс эргэлзээтэй байдалд орно. Гэтэл сая сонгууль өнгөрсний дараа бид нарт өгчих гэсэн хариуцлагагүй зүйл ярьж байна. Бүх зүйл хууль дүрмээрээ явах ёстой” гэв.

Гишүүд саналаа солилцсоны дараа Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд нэгдсэн дүгнэлт хэллээ. Тэрбэээр “Цаашдаа намын хуульд бүртгэлийн асуудлыг маш сайн оруулж өгөхгүй бол ийм асуудал үүсэх нь байна. Манай намын дүрмээр олонх болоогүй бол огцрох ёстой гээд байна. Үүгээр хэн шүүхэд хандах юм, шүүх хэдэн хоногийн дотор шийдэх юм гэх мэт детальчилсан процессыг хийж өгөхгүй бол мөнхийн хэрүүл болох нь. Бүгд өөр өөрсдийнхөө өнцгөөр тайлбарлаж байна. С.Эрдэнийн гарын үсэгтэй дахин авах, шинээр авах гэдэг хоёр ялгаагаа та бүхэн гаргаж өгөхгүйгээс ийм байдал үүсээд байна шүү дээ. Гэх мэт зүйлсийн ялгаагаа дүрэм журам дээрээ тусгаж өгөх хэрэгтэй. Аль аль талдаа ойлголцоод явсан байх. Энэ асуудал чуулганаар орвол ямар ч шийдвэр гарахгүй. Чуулганаар энэ асуудлыг оруулах ямар ч үндэс байхгүй” гэв.