Сайд нарын “нөлөөгөөр” МАН-ын бүлгийн 20 гишүүн “давхар дээл”-ийн эсрэг лобби бүлэг байгуулжээ

Сайд нарын “нөлөөгөөр” МАН-ын бүлгийн 20 гишүүн “давхар дээл”-ийн эсрэг лобби бүлэг байгуулжээ

“Засгийн газарт дөрвөөс дээш УИХ-ын гишүүн ажиллахыг хориглоно” гэх Үндсэн хуулийн заалт буюу олны нэрлэж заншсанаар “Давхар дээл”-ийн асуудлыг энэ сарын 14 /2022.01.14/-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэнэ гэх мэдээлэл бий.

-ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ХУРАЛДААН ДАХИН ХОЙШИЛЖ МАГАДГҮЙ-

Гэхдээ Үндсэн хуулийн дунд суудлын хуралдаан дахин хойшлох магадлал маш өндөр байгаа аж. Учир нь Цэцийн шийдвэрээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Засгийн газрын танхимдаа сэлгээ хийх бодлогыг УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүд нь дэмжихгүй, тул Цэцийн хурал хойшлоод байгаа аж.

Товчхондоо, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд асар их саад бэрхшээл, үл ойлголцол парламентын гишүүд дотор гарч эхэлжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН-ын бүлгийн 63 гишүүний 20 орчим нь “давхар дээл”-ийн асуудлыг дэмжихгүй унагахаар байгаа аж. Бүр лобби бүлэг байгуулсан бөгөөд “толгойлогчоор” нь хэн ажиллаж буй нь “тодорхой бус, нууц байгаа” гэх мэдээлэл улс төрийн хүрээнд яригдаж байна. Иймд Үндсэн хуулийн цэцээр шийдвэр гаргуулахаас өмнө гишүүдтэйгээ тохирох ёстой. Хуулиараа УИХ-ын гишүүдийн дийлэнх, олонх буюу  гуравны хоёрын саналаар Үндсэн хуулийг өөрчилнө. Тэгэхээр 51-ээс дээш УИХ-ын гишүүн дэмжиж байж Үндсэн хуулийн өөрчлөлт явах бөгөөд  одоогийн нөхцөл байдал энэ тоонд хүрэхгүй байгаа нь асуудал болоод байгаа аж.

Анх тооцоололд, МАН-ын 62 гишүүн дээр АН-ын бүлгийн 7 гишүүн нэмэгдэж хамтдаа дэмжихээр тохирч. Үүнээс арван гишүүн нь эргэж буцахыг тооцоход 60 гишүүн дэмжинэ гэж төлөвлөж байсан ч одоогоор нөхцөл байдал өөрчлөгдөж, МАН-ын бүлгийн 20 орчим гишүүн Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй болоод байгаа аж.

-ЗАСГИЙН ГАЗРЫН САЙД НАР УИХ-ЫН ШИНЭ ГИШҮҮДТЭЙ ТОХИРЧЭЭ-

“Давхар дээлтэй” сайд нарыг нэмэхийг парламент дэмжсэн тохиолдолд одоо ажиллаж буй ихэнх сайд нар үүрэгт ажлаасаа огцорно. Иймд одоогийн Засгийн газрын сайд нар парламентад шинээр сонгогдсон, улс төрийн томоохон албан тушаалд хараахан нэр нь яригдах болоогүй байгаа, “шинэ гишүүд”-тэй уулзан “тойрогт нь төсөв, мөнгө тавих” гээд амлаж болох бүхнээр тохирсон гэх мэдээлэл байна.

Эцэст нь нэгэнт өөрсдөө сайд болж чадахгүй нь тодорхой УИХ-ын шинэ гишүүд одоогийн сайд нараа дэмжиж “давхар дээл”-ийг дэмжихгүй гэдгээ илэрхийлэх болсон аж.

Харин нэг талдаа ийм ч нөгөө талд “томчууд” дээгүүрээ мөн ойлголцоогүй гэж буй. Тухайлбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй тохирох шаардлага бий. Өнгөрсөн сард товлогдсон цэцийн хуралдааныг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хойшлуулсан байж магадгүй гэх мэдээлэл ч байдаг. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “давхар дээл”-тэй сайд нараас бүрдүүлэх Засгийн газраасаа Ц.Нямдоржийг жийсэн учраас маргаан үүссэн гэх мэдээлэл ч гарсан. Иймд лобби бүлэгт Ц.Нямдоржийн оролцоо ч их байж магадгүй байна. Эцэстээ, энэ асуудал яаж ч чадахгүй төгсөх магадлал өндөр байна. Цаашлаад түр сайд нартай шинэ хоёр яамаа ч “давхар дээлгүй” сайдаар удирдуулаад асуудлаас гарч мэдэх дүр зурагтай байгаа ажээ.