СУРВАЛЖИЛГА: Харьяаллын бус хүн эмчилсэн гэх шалтгаанаар эмчийг ажлаас нь ХАЛЖЭЭ

СУРВАЛЖИЛГА: Харьяаллын бус хүн эмчилсэн гэх шалтгаанаар эмчийг ажлаас нь ХАЛЖЭЭ

Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга З.Балдандугар хэд хэдэн эмчийг хууль бусаар ажлаас нь халсан гэх мэдээллийн дагуу бид сурвалжилга бэлтгэн хүргэж байна.

-БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЭМНЭЛГИЙН ШИНЭ ДАРГА 2016 ОНД БАЯНГОЛЫН ИТХ-Д МАН-ААС НЭР ДЭВШИЖ БАЙЖЭЭ-

Өнгөрөгч долдугаар сарын дундуур Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга н.Батжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд З.Балдандугарыг томилсон билээ. Тус томилгоо иргэдийн амралт зугаалгын үеэр буюу долдугаар сарын 10-нд хийгдсэнийг эмнэлгийн эмч, ажилчид эсэргүүцэн хэвлэлийн хурал хийж байв.

Шинээр томилогдсон дарга З.Балдандугар нь “Ачтан” эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн захирлаар ажиллаж байгаад ийнхүү улсын эмнэлэгт томилогджээ. Түүнийг томилогдсон даруйд 2016 онд Баянгол дүүргийн ИТХ-ын 6-р тойрогт  МАН-аас УИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай цуг нэр дэвшсэн, түүний гарын хүн гэгдэх мэдээлэл ч цацагдаж байсан юм.

Ямартай ч, тэрбээр МАН-аас Баянгол дүүрэгт удаа дараа хүч үзээд өвдөг шороодож байсан ажээ.

-ХӨЛ НЬ ҮХЖИЖ, ӨМХИЙРӨӨД ИРСЭН ХҮНИЙГ ӨӨР ЭМНЭЛЭГ РҮҮ ТҮЛХЭЖ ЧАДАЛГҮЙ ЯАРАЛТАЙ ХЭВТҮҮЛЭН ЭМЧИЛЖЭЭ-

Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн эрхлэгч Ж.Хуягбаатарыг харьяаллын бус хүнийг эмчилж, эмнэлгийн үйлчилгээ үзүүлсэн гэх шалтгаанаар халжээ. Хэрэг явдлыг тодруулбал, Баянгол дүүрэгт түр оршин суугч Сүхбаатар дүүргийн харьяалалтай иргэн сахараас үүдэж хөл нь үхжсэн оноштойгоор Баянгол дүүргийн эмнэлэгт ирж ханджээ.

Хөл нь өмхийрч үнэр танар орчихсон иргэнийг Ж.Хуягбаатар эмч цаашаа гэж түлхэлгүй хүлээн авч яаралтай тусламж үзүүлэн, үхжиж өмхийрсөн хөлийн хурууг нь тайрах зэргээр шуурхай арга хэмжээ авсан байна.

Тухайн иргэнд олон эмэнд дасалтай нянгийн халдвар авсан гэх онош  давхар ажиглагдсан тул ХӨСҮТ-ын мэргэжлийн эмчид хандаж, хамтран эмчилжээ. Харьяаллын бус гэгдэж буй тухайн иргэн бямба гарагт буюу амралтын өдөр Баянгол дүүргийн эмнэлэгт хандсан тул өөр эмнэлэг рүү явуулах боломж байгаагүй, мөн олон эмэнд дасалтай нянгаар өвчилж түүнээ шинжлүүлэх мөнгөний бололцоогүй байсан тул Ж.Хуягбаатар эмч ХӨСҮТ-ийн эмчид хандан ийнхүү хамтран эмчилжээ.

Мөн олон эмэнд дасалтай нянгийн халдвар авсан оноштой хоёр ч хүнийг хүлээн авч гурвууланг нь бусад өвчтөнүүдээс тусгаарлан хэвтүүлэн эмчлээд гаргасан аж.

Ийнхүү өргөсөн тангарагтаа үнэнч байж хэцүүдэж ирсэн өвтөнийг цааш гэж түлхээгүйн улмаас ажлаасаа халагдсан байна. Эмнэлгийн удирдлагын зүгээс Мэс заслийн тасгийн эрхлэгч Ж.Хуягбаатарыг нэгдүгээрт, харьяаллын бус хүнийг авч, эмчилсэн гэх шалтгаанаар, хоёрдугаарт, ийм хүн эмчилж байгаагаа эмнэлгийн чанарын албанд мэдээллээгүй буюу удирдлагыг хуурсан гэх шалтгаанаар буруутган халжээ.

-НАСААРАА ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАЧИХААД,
ӨВДӨӨД АКТТАЙ БАЙСНЫХАА ТӨЛӨӨ ХАЛАГДЖЭЭ-

Баянгол дүүргийн эмнэлгийн дарга З.Балдандугар нь Ж.Хуягбаатар эмчээс гадна нэг слесер, зөвлөх эмчийг ч халаад байгаа гэх. Б.Кума эмч эмнэлгийн салбарт дөч гаруй жил зүтгэжээ. Тэрээр Баянгол дүүргийн эмнэлэгт арван хэдэн жил ажиллаж байгаад тэтгэвэртээ гарч, өмнөх удирдлага н.Батжаргалын хүсэлтээр зөвлөх эмчээр ажиллаж байсан байна.

Энэ зун ээлжийн амралтаа аваад улмаар өвдөж акт аван, эмчлүүлж байх хойгуур “Ажлаасаа халагдсан тушаал гаргасан” гэх мэдээ дуулджээ. Одоогоор тушаалаа очиж аваагүй байгаа бөгөөд яг ямар шалтгаанаар халагдсан нь тодорхойгүй байгаа аж.

Тэрээр биднийг холбогдоход “Насаараа эрүүл мэндийн байгууллагад ажилласан би яах вэ. Надад халагдах халагдахгүй нь сонин биш. Баянгол дүүргийн эмнэлгийг төдийгөөс өдий хүртэл босголцож явсан хүмүүсий нэг. Иймд надаас өөр ажиллах чадвартай боловсон хүчин, сайн залуу эмч нарыг халж байгаад сэтгэл гонсойж байна” гэсэн юм. 

-ХААНА ТИЙМ ОЛОН ЭМЧ ХАЛАГДЧИХСАН ЮМ, ШАЛГАЛТ
ИРЭЭД МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ БОЛОМЖГҮЙ БАЙНА-

Дээрх мэдээллийн дагуу бид Баянгол дүүргийн эмнэлгийн удирлагуудаас эмч нар хууль бусаар халагдсан гэх асуудалд тайлбар авахыг зорьсон юм. Поликлиникийн эрхлэгчээс тайлбар ав гэсний дагуу очиход “Энэ асуудлын талаар мэдэхгүй. Хүний нөөцөөс асуу” гэсэн юм.

Үүний дагуу Хүний нөөцийн албанаас тодруулахад

“Би амралттай байж байгаад өчигдөр л ажилдаа орж байна. Яг ямар хүмүүс халагдсаныг мэдэхгүй. Хаана тийм олон эмч халагдчихсан юм, дуулаагүй юм байна” гэх тайлбарыг өглөө.

Мөн тус эмнэлгийн дарга З.Балдандугараас албан ёсны тайлбар авах гэсэн боловч нарийн бичиг нь гэх эмэгтэй “Манайд шалгалт ирээд даргад тайлбар өгөх зав алга. Хүний нөөцийн албанаас тодруул” гэх хариултыг хэлж, даргынхаа өрөө рүү нэвтрүүлээгүй юм.