ВИДЕО: БНСУ-д өнгөрсөн онд болон өчигдөр нурсан хоёр барилгын гүйцэтгэгч нь нэг компани байжээ

ВИДЕО: БНСУ-д өнгөрсөн онд болон өчигдөр нурсан хоёр барилгын гүйцэтгэгч нь нэг компани байжээ

Өчигдөр/2022.01.11/ 15:45 цагийн орчимд БНСУ-ын Гуанжү хотод баригдаж байсан орон сууцны нэг хэсэг нь нурж, томоохон осол гарсан. Ослын улмаас хоёр хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн бол зургаан хүн ор сураггүй хэвээр байна. Тэдний ихэнх нь 28-38 насны гадаад ажилчин байгаа талаар албаныхан мэдээлжээ.

Одоогоор ослын шалтгааныг эцэслэн тогтоогоогүй байгаа ч барилгын компанийн хариуцлагагүй үйлдэлтэй холбон тайлбарлаж байна. Өвлийн улиралд агаарын хэм 0 градусаас буух үед бетоныг зохих хэм хүртэл нь халаах шаардлагатай. Гэвч халаагаагүйгээс бетон болон арматурын наалдамхай чанар алдагдаж, нуралт үүссэн байх магадлалтай.

Тус барилгын гүйцэтгэгч нь “Хьюндай девелопмент” гэх компани  байсан аж. 39 давхар, 316 айлын орон сууцны барилгын ажил 2020 оны гуравдугаар сард эхэлсэн бөгөөд мөн оны 11 дүгээр сарын 30-нд дуусгахаар төлөвлөсөн байна.  Хачирхалтай тус компани өмнө нь мөн энэ төрлийн хэрэгт холбогдож байжээ. Тодруулбал, өнгөрсөн оны зургадугаар сард Гванжу хотын Дун-гу хотод дахин төлөвлөлтийн хүрээнд нурааж байсан таван давхар барилга зам руу чиглэн нурснаас есөн хүн амиа алдаж, зургаан хүн гэмтэж байжээ. Нураалтын ажлыг мөн л “Хьюндай девелопмент” компани хариуцаж байсан аж. Тиймээс удаа дараа хариуцлагагүй үйлдэл гаргаж олон хүнд хохирол учруулсан тус компанид хатуу хариуцлага ногдуулахыг Солонгосын ард түмэн шаардаж байна.

Одоогоор Гванжү хотын цагдаагийн газар нуралттай холбоотой хэргийг Хүчирхийллийн гэмт хэрэг мөрдөх хэсэгт шилжүүлж, ослын шалтгаан, аюулгүй байдлын арга хэмжээг дагаж мөрдөөгүй эсэхийг шалгаж эхлээд байна.

ВИДЕО: 

Эх сурвалж: hankookilbo