ВИДЕО: П.Гэндэн агсны байшинг "Шилэн хоргонд" хийнэ гэж ач хүү С.Бэхбат нар худал ярьжээ

ВИДЕО: П.Гэндэн агсны байшинг "Шилэн хоргонд" хийнэ гэж ач хүү С.Бэхбат нар худал ярьжээ

Цаг хугацаа улиран өнгөрсөн ч аливаа барилга байгууламжууд тухайн цаг үеийнхээ түүхийг хамгийн тод томруунаар хадгалж үлддэг. Харин isee.mn сайтын сурвалжлах баг Улаанбаатар хотын өнгөрсөн зууны түүхийг өгүүлэх, онцгой байгууламжууд хэрхэн сүйдэж байгаа талаар онцлон цуврал сурвалжилга хүргэж байгаа билээ.

Энэ удаа Ерөнхий сайд асан П.Гэндэнгийн амьдарч байсан түүхэн дурсгалт байшинг онцлон сурвалжлав. 1930 онд буюу одоогоос 92 жилийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд П.Гэндэнд зориулж Герман, Швейцар, Унгар барилагчид тухайн үедээ нийслэл хүрээг шуугиулж байсан загвар хийцтэй түүхэн барилгыг барьж байжээ. Харин хожим “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей” тус байшинд үйл ажиллагаагаа явуулж байсан юм.

Гэтэл өнөөдөр уг түүхэн барилгаас ширхэг хадаас ч үлдээгүй, нураагдсан нь туйлын харамсалтай.

Тодруулбал, 2019 онд тус барилгыг нураахыг олон иргэд эсэргүүцэж байсан ч, П.Гэндэн агсны ач хүү С.Бэхбат, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр нар, “байшинг музей болгож шилэн хоргонд байрлуулахаар шийдсэн” гэж мэдэгдэж, нийгмийн сэтгэл зүйг тайвшруулж байсан ч өдгөө 22 давхар оффисын зориулалттай барилга баригдсаар байгааг та бүхэн харж байна. Товчхондоо, Ерөнхий сайд П.Гэндэн агсны ач хүү С.Бэхбат, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр нар худал ярьжээ.