“Н.Батсуурийг бүртгэн барилдуулж болно” хэмээн МҮБХ-ноос даалгажээ

2022-01-16 14:29

“Н.Батсуурийг бүртгэн барилдуулж болно” хэмээн МҮБХ-ноос даалгажээ

Өнөөдөр /2022.01.16/ “Жем интернэшнл” группийн нэрэмжит, “Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх”барилдаанд Улсын даян аварга Н.Батсуурь болон Улсын арслан Р.Пүрэвдагва нар барилдаж байгааг зарим бөхчүүд эсэргүүцсэн тул, барилдаан цааш үргэлжилж чадахгүй удаашраад байна.

Учир нь Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нар 2020 оны Улсын баяр наадамд зодогдлохдоо, “’допингийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн” тул барилдах эрхээ 11 сарын хугацаатай хасуулсан ч, саяхан барилдах эрх нь сэргэсэн юм.

Харин О.Хангай тэргүүтэй бөхчүүд, “зарим бөхчүүдийн барилдах эрхийг 2 жилээр хасдаг хэрнэ, тэдний эрхийг 11 сараар хассан шийдвэрийг эсэргүүцэж, Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нар 2 жилийн дараа барилдах хэрэгтэй” гэсэн шаардлагыг тавьж буй юм. Тэгвэл МҮБХ-ноос энэ сарын 13-ны өдөр “Н.Батсуурийг Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх” барилдаан бүртгэн барилдуулж болно гэсэн бичгийг гаргажээ.

МҮБХ-ны бичиг

2022-01-16 13:52

LIVE: Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарыг эсэргүүцсэн О.Хангай тэргүүтэй бөхчүүдээс болж барилдаан цааш үргэлжилж чадахгүй байна

Өнөөдөр /2022.01.16/ “Жем интернэшнл” группийн нэрэмжит, “Улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх” барилдаан Бөхийн өргөөнд 12:00 цагт эхэлсэн ч зарим бөхчүүд барилдахгүй гэж эсэргүүцлээ илэрхийлсэн тул барилдаан цааш үргэлжилж чадахгүй удаашраад байна.

Учир нь тус барилдаанд допинг хэрэглэсан асуудалд нэр холбогдоод барилдах эрхээ 11 сар хасуулж, шийтгэлийн хугацаа нь дууссан Улсын даян аварга Н.Батсуурь болон Улсын арслан Р.Пүрэвдагва нар барилдаж байгаа тул тэднийг барилдуулахыг Улсын харцага О.Хангай тэргүүтэй бөхчүүд эсэргүүцсэнээр энэхүү нөхцөл байдал үүсээд байна. Учир нь тэд, "зарим бөхчүүдийн барилдах эрхийг 2 жилээр хасдаг хэрнэ, тэдний эрхийг 11 сараар хассан шийдвэрийг эсэргүүцэж, Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нар 2 жилийн дараа барилдах хэрэгтэй" гэсэн шаардлагыг тавьж байгаа ажээ. 

Иймд Монголын Үндэсний бөхийн холбооны Ерөнхийлөгч Ц.Магалжав, “Допингийн асуудалд нэр холбогдсон Улсын даян аварга Н.Батсуурь болон Улсын арслан Р.Пүрэвдагва нарт оногдуулсан шийтгэлийн хугацаа дууссан. Иймд зарим бөхчүүд үзэгч олноо хүндэтгээд бөхийн барилдаандаа идэвхтэй оролцох хэрэгтэй. Харин Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нар энэ удаа тус барилдаанаас өнжчих” гэсэн саналыг гаргалаа.




“BONUS BOOST” BSB-д

14 цагийн өмнө