Монгол Улсын хүн ам 2021 оны эцэст урьдчилсан дүнгээр 3.4 сая болж, өмнөх оноос 52.6 мянган хүнээр өсжээ

Монгол Улсын хүн ам 2021 оны эцэст урьдчилсан дүнгээр 3.4 сая болж, өмнөх оноос 52.6 мянган хүнээр өсжээ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2021 оны статистик үзүүлэлтүүдийг Үндэсний Статистикийн Хорооноос танилцууллаа. 

Монгол Улсын 2021 оны экспортын 92 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлсэн бол 4 хувийг нь нэхмэл бүтээгдэхүүн эзэлжээ. 2021 оны экспорт 1.7 тэрбум ам.доллароор өссөн байна. Үүнд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин импорт 1.5 тэрбум ам.доллараар өссөн ба 19.5 хувийг нь эрдэс бүтээгдэхүүн, 18.2 хувийг нь машин, механик төхөөрөмж, тэдгээрийн сэлбэг эд анги, 17.9 хувийг тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги эзэлж байна.

Нүүрс, алт, газрын тос, зэсийн баяжмалын хилийн дундаж үнэ өмнөх оны мөн үеэс 38.8 хувиас 4.1 дахин өссөн байна.

Монгол Улсын нийт зээлийн өрийн үлдэгдэл 20.9 их наяд төгрөг болж өмнөх сараас 3.7 хувиар өссөн байна. 2021 оны арванхоёрдугаар сард инфляц 13.4 хувьд хүрсэн. Үүнд импортын барааны үнэ 46.4 хувиар нөлөөлж байна.

Монгол Улсын хүн ам 2021 оны эцэст урьдчилсан дүнгээр 3.4 сая болж өмнөх оноос 52.6 мянган хүнээр өслөө. 1000 хүнд ногдох төрөлт өмнөх оноос 1.5 нэгжээр буурсан бол нас баралт өмнөх оноос 1.1 нэгжээр нэмэгджээ. Хүн амын цэвэр өсөлтийн түвшин 2021 онд 16 байгаа нь 2010 оноос хойших хамгийн доод түвшинд байна.

Улсын хэмжээнд 2021 оны эцэст 39.1 мянган өнчин хүүхэд байгаагийн 3.0 мянга (7.6%) нь бүтэн өнчин, 36.1 мянга (92.4%) нь хагас өнчин хүүхэд байна.

2021 онд 19.9 мянган хүн нас барж, өмнөх оноос 4.0 мянга буюу 25.2 хувиар өсжээ. 100 мянган амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдлийн түвшин 95 болж өмнө оноос 3.1 дахин өссөн байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчид 2021 онд 576.0 мянга болж, өмнөх оноос 17.3 дахин нэмэгдсэн бөгөөд нийт халдварт өвчнөөр өвчлөгчдийн 97.4 хувь буюу 561.2 мянга нь ковид 19-өөр өвчлөгчид байна.