“Ми-171” нисдэг тэргээр Минжийн заставд очсон УИХ-ын гишүүдтэй хамт явсан ажилтан тус газарт халдвар тараасан гэв

“Ми-171” нисдэг тэргээр Минжийн заставд очсон УИХ-ын гишүүдтэй хамт явсан ажилтан тус газарт халдвар тараасан гэв

Хил хамгаалах ерөнхий газар /ХХЕГ/-ын харьяа Хилийн цэргийн Минжийн заставт коронавирусийн халдвар дэгдсэн тухай мэдээллийг зарим эх сурвалжууд мэдээлж эхлээд байна.

Автомашинаар очих боломжгүй тус заставд яагаад халдвар тархав гэдэг нь олны анхаарлыг татаж байгаа юм. Тэгвэл энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Минжийн заставд коронавирусийн халдвар гарсан нь үнэн. Одоогийн байдлаар нэг алба хаагч, хоёр хүүхдийн хамт өвчилсөн. Тэднийг Улаанбаатар хотод авч ирж эмчилж байгаа.

ХХЕГ-ын удирдлагууд болон УИХ-ын гишүүд өнгөрсөн долоо хоногт тус заставд очиж ажилласан.

Энэ үеэр ХХЕГ-ын нэг ажилтан халдвар авснаа мэдэлгүй тус заставд очиж ажилласан байсан. Улмаар нэг ажилтан, хоёр хүүхдийн хамт халдвар авсан нь батлагдсан. Одоогоор цэргүүд болон бусад ажилчдаас халдвар илрүүгүй байна" гэх мэдээллийг өглөө. 

Ташрамд өгүүлэхэд, УИХ-ын нэр бүхий гишүүдийн багтсан тус ажлын хэсгийнхэн Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн “Ми-171” нисдэг тэрэг хөлөглөн тус заставт очиж ажиллажээ.