Ц.Чинбаяр: Омикрон хувилбарын үед суурь өвчний хүндрэлийн улмаас хүнд, нэн хүнд ангилалд орж байна

Ц.Чинбаяр: Омикрон хувилбарын үед суурь өвчний хүндрэлийн улмаас хүнд, нэн хүнд ангилалд орж байна

ХӨСҮТ-өөс өнөөдөр /2022-01-19/ Коронавируст халдварын нөхцөл байдал болон ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдал, тандалт судалгааны үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр "Улсын хэмжээнд нийт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн эмнэлзүйн байдлыг харахад 30 орчим хувь нь хөнгөн, 60 орчим хувь нь хүндэвтэр, 10 орчим хувь нь  хүнд, 0.7 хувь нь нэн хүнд гэсэн ангиллаар эмчлэгдэж байна.

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 395 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 10 орчим хувь нь хөнгөн, 60 орчим хувь нь хүндэвтэр, 30 гаруй хувь нь нэн хүнд гэсэн эмнэлзүйн ангиллаар эмчлэгдэж байна. Өмнөх жилийн алфа, делта хувилбартай харьцуулбал омикрон хувилбар нь суурь өвчний хүндрэлийн улмаас хүнд, нэн хүнд ангилалд орж байна.

Хүнд, нэн хүнд ангиллаар эмчлэгдэж байгаа хүмүүсийн хувьд эрсдэлт бүлгийн хүмүүс буюу хавсарсан өвчтэй, зүрх судасны ээнэгшил алдагдсан, уушгины архаг үрэвсэлтэй, хавдартай, хууч өвчтэй, харвалтын дараах нөхцөлд байгаа, чихрийн шижинтэй, таргалалттай хүмүүс ихэнх хувийг эзэлж байна.

Эмнэлзүйд илэрч байгаа нийтлэг шинжийн хувьд амьсгалын дээд замын халдварын үеийн шинж тэмдэг давамгай илэрч байна. Үүнд хуурай ханиалгах, хоолой хөндүүрлэх, хоолой сэрвэгнэх, хамар битүүрэх, халуурах гэсэн шинж тэмдэг илэрч байна.

Омикрон хувилбарын хувьд шууд уушгины хатгаа болж, зохиомол амьсгалын аппаратад орох байдал нь өмнөх хувилбаруудтай харьцуулахад харьцангуй бага байгаа нь эмчилгээний явцад ажиглагдаж байна.

ХӨСҮТ өнгөрсөн оны альфа, дельта хувилбарын дэгдэлтийн үед 400 дээш ор дэлгэж эмнэлгийн тусламж үзүүлж байсан. Одоо ч мөн эд ачааллын үед ирсэн байна. Манай эмнэлгийн хувьд улсын дунджаас 2-5 дахин ачаалалтай ажиллаж байгаа.

Мөн ЭМЯ дэргэдэх ор зохицуулагийн багийн эрэмбэлэн ангиллаар манайд ирж байгаа өвчтөний 90 хувь нь хүндэвтэр, нэн хүнд хүмүүс хэвтэн эмчлүүлж байна. Нийт халдвар авсан хүмүүсийн 22 хувь нь хүүхэд. Хүүхэд  дотроо 0-11 насны вакцинд хамруулж чадаагүй хүүхдүүдийн өвчлөл 73 хувьтай өндөр байна. 

Нийт ард иргэд ээ халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталж олон нийтийн уулзалт, цугларалтаас татгалзаж вакциндаа идэвхтэй хамрагдаарай гэж хүсмээр байна" гэв.