ТОДРУУЛГА: Цэргийн алба хаагчийн холбогдсон хэрэгт "Шүүх шинжилгээний хариу"-г хүлээж байна гэв

ТОДРУУЛГА: Цэргийн алба хаагчийн холбогдсон хэрэгт "Шүүх шинжилгээний хариу"-г хүлээж байна гэв

Энэ нэгдүгээр сарын 19-ны өдөр /2022.01.19/ Нийслэлийн Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт 05:00 цагийн орчимд эхнэрээ хардалтын улмаас зодож, амь насыг нь хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан талаар бид өмнө мэдээлсэн.

Тодруулбал, тус хорооны цэргийн хотхоны ... дугаар тоотод амьдардаг тус хэргийн сэжигтэн 44 настай эрэгтэй Г нь ... дугаар цэргийн ангид өндөр цолтой албан хаагч байсан бөгөөд тэрбээр энхийг сахиулах ажиллагаанд явж ирээд сар гаруй болж байх хугацаандаа хардалтын улмаас эхнэрээ зодож амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй аж.

-ЗОДУУЛСАНЫ УЛМААС АМИА АЛДСАН ЭСЭХИЙГ ТОГТООХООР ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ХҮЛЭЭЖ БАЙНА-

Тус өдөр алба хаагчийн эхнэр болох Н нь найзуудтайгаа гадуур гарсан тул, Г шөнө очиж түүнийг авсан байна. Ингээд гэртээ ирээд удаагүй байхдаа хоорондоо маргалдсаны улмаас хэрэг явдал гарсан байж болзошгүй байгаа ажээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, “Эхнэр нөхөр хоёулаа цэргийн салбарт ажилладаг хүмүүс байсан бөгөөд мөн тэдний амьдардаг цэргийн хотхонд хамаатнуудын ихэнх нь амьдардаг байжээ. Мөн тэд хоёр хүүхэдтэй байжээ. Харин үхлийн шалтгаан яг зодуулснаас болсон уу гэдгийг тогтоохоор шүүх шинжилгээний хариуг хүлээж байгаа аж. Иймд иргэд бие биетэйгээ ярилцаж ойлголцож, гэр бүлийн хүчирхийлэл, цаашлаад амь насанд хүрсэн халтай зүйлээс өөрийн гэр бүлээ хамгаалахыг сэрэмжлүүлж тус мэдээллийг нийтлэв.