УИХ-ын чуулган завсарласан тул Цэц хуралдаж, ХОЁР яамны сайдаар Н.Учрал нарыг томилох асуудал хойшилжээ

УИХ-ын чуулган завсарласан тул Цэц хуралдаж, ХОЁР яамны сайдаар Н.Учрал нарыг томилох асуудал хойшилжээ

УИХ-ын гишүүн Т.Доржханд, Н.Ганибал, Ш.Адьшаа нар Засгийн газарт дөрвөөс дээш УИХ-ын гишүүн ажиллахыг хориглоно гэх Үндсэн хуулийн заалтыг өөрчилж 100 хувь “давхар дээл”-тэй сайд нараас бүрдүүлэх шаардлагатай гэх агуулгаар Үндсэн хуулийн цэцэд хандсан. Цэц маргааныг үүсгэсэн бөгөөд өнгөрсөн сарын 27-ны өдөр хуралдах тов зарласан ч УИХ-ын Итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболдын хүсэлтээр хойшлуулсан. 

Ийнхүү гацаанд ороод буй Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан хаврын чуулган эхэлтэл буюу гуравдугаар сарын 15-ныг хүртэл хуралдахгүй нь тодорхой болоод байна. Учир нь чуулганы хуралдаангүй үед Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх боломжгүй. Тиймээс Цэцээс ч дүгнэлт гаргах шаардлагагүй. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын шинээр байгуулсан хоёр яам буюу Эдийн засгийн хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны сайдыг томилох асуудал ч хойшлогдож байна. 

Шинээр байгуулах хоёр яамны сайдаар "давхар дээлтэй" буюу УИХ-ын гишүүнийг томилно гэх мэдээлэл бий. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд тус хоёр яамны сайдад "давхар дээл"-тэй буюу УИХ-ын гишүүнийг томилно гэж төлөвлөж байгаа. Тиймдээ ч Эдийн засгийн хөгжлийн сайдаар Сангийн сайд Б.Жавхлан, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар БШУ-ны сайд Б.Энх-Амгалан нарыг түр томилсон. Тус хоёр яамны сайдыг томилтол тэд уг ажлыг давхар хариуцах юм. Гэтэл "давхар дээл"-ийг зөвшөөрсөн шийдвэр нь МАН дотор нэгдсэн шийдэлд хүрч чадахгүй улмаар үүнээс нь болж Цэц хуралдахгүйгээс болж шинэ яамдын сайд нарын томилгоо хойшилж байна. Давхцаад чуулган завсарласан учир хавар болтол тус хоёр яамны сайд нар томилогдохгүй нь. 

-ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦААНЫ САЙДАД Н.УЧРАЛЫГ ХАМГИЙН ТОХИРОХ ХУВИЛБАР ГЭЖЭЭ-

Тус яамны сайдад хамгийн сайн тохирох хувилбарыг Н.Учрал гэж МАН-ынхан дотооддоо ярьж байна. Учир нь инновац, цахим хөгжлийн асуудлаарх бодлогын судалгаа түүнтэй холбоотой хуулийн төслийн боловсруулалт зэрэгт Н.Учрал сүүлийн жилүүдэд яг тогтож ажиллан мэргэшсэн. Тус салбарын хөгжлийн гарц, гаргалгааны төлөвлөгөө ч түүнд бий. Хамгийн сүүлд гэхэд тус салбарын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэгдэх шатанд ажлын хэсэг ахалж ажиллан батлуулсан.  УИХ-аас Инновац, цахим бодлогын байнгын хороог 2020 онд шинээр байгуулуулж даргаар нь Н.Учралыг томилсон бөгөөд өнөөдрийг хүртэл ажиллахдаа энэ салбарын олон хуулийг УИХ-ын босгыг давуулж, үндсэн концепцыг гаргаж байгаа нэгэн юм.

-ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ЯАМАНД УИХ-ЫН ТУРШЛАГАТАЙ ГИШҮҮД ӨРСӨЛДӨЖ БАЙНА-

Өнгөрсөн аравдугаар сард Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх шатанд Эдийн засгийн хөгжлийн сайдаар туршлагатай, зангарагтай нэгнийг томилох шаардлагатай гэж УИХ-ын гишүүд шахаж, шаардаж байв. Ерөөс олон удаа сонгогдсон "давхар дээл"-тэй нэгнийг томил гэж ил хэлсэн. 

Шаардлага нь ч тийм. Учир нь тус яаманд эдийн засгийн хөгжлийн төлөвлөлт, бодлого, томоохон төсөл хөтөлбөрүүд зангигдана. Тиймээс ч лоббинд ороод байдаггүй, гишүүдийн үгээр ажилладаггүй, өөрийн бодлого, байр, сууриа бат хамгаалдаг хүн хэрэгтэй. Одоогоор Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар болон Б.Чойжилсүрэн нарын нэр яригдаж байна. Гэхдээ Ч.Хүрэлбаатарыг саяхан сайдаас буусан тул нэг удаадаа өнжүүлэх бодлого баримталж буй гэх мэдээлэл байна. Хамгийн идэвхтэй нь УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар байна.