ВИДЕО: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, “Ард түмнээ хүндэтгэхгүй, ааш гаргаж байгаа бол цолоо буцааж авч болно” гэж Н.Батсуурьд хандаж хэлэв үү

ВИДЕО: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, “Ард түмнээ хүндэтгэхгүй, ааш гаргаж байгаа бол цолоо буцааж авч болно” гэж Н.Батсуурьд хандаж хэлэв үү

Энэ сарын 16 /2022.01.16/-ны өдөр “Жем интернэшнл” группийн нэрэмжит, “Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх” барилдааны үеэр допингийн асуудалд нэр холбогдсон Улсын даян аварга Н.Батсуурь, Улсын арслан Р.Пүрэвдагва нарын барилдах эрхийг 11 сар хассан шийдвэрийг зарим бөхчүүд эсэргүүцсэн тул МҮБХ-ноос тус барилдааныг зогсоосон.

Харин өнгөрөгч баасан гараг /2022.01.21/-т МҮБХ-ны тэргүүлэгчид хуралдаж, “энэ жилийн цагаан сарын барилдаанд Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарыг барилдуулахгүй, үүнээс хойш барилдаж болно” гэх шийдвэрийг гаргасан байдаг.

Энэхүү шийдвэрийг МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав даваа гараг /2022.01.24/-т олон нийтэд танилцуулна гэж байсан ч тэрээр мэдээлэл хийгээгүй юм.

Харин өчигдөр /2022.01.25/ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, тус холбооны дэд тэргүүн О.Балжинням, цэцдийн зөвлөлийн Г.Өсөхбаяр нарыг хүлээн авч уулзаж, “хэрэлддэг талцдаг, ард түмний өмнө ёс бус үйлдэл гаргадгаа болих хэрэгтэй” гэж хатуухан үгийг тэднээр дамжуулж нийт бөхчүүдэд хэлэх шиг боллоо.

-“ЯНЗ БҮРИЙН АСУУДЛУУД ИХ ГАРЧ БАЙНА” ГЭЖ Н.ТҮВШИНБАЯР НАРТ ХАНДАЖ ХЭЛЭВ ҮҮ-

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ үеэрээ, “Сүүлийн жилүүдэд манай бөхчүүдийн талаар янз бүрийн буруу зөрүү асуудлууд их гарч байна. Би тэрийг тоочиж хэлээд яахав” гэсэн юм.Түүнийг энэ үгээрээ “Улсын заан Н.Түвшинбаяр тэргүүтэй бөхчүүдийн талаар ярив уу” гэх хардлагыг төрүүлж байгаа юм. Учир нь тэрээр Э.Энхбат агсны биед хүнд гэмтэл учруулсан хэрэгт буруутгадан хоригдож, холбогдох хэрэг нь нэмэлт мөрдөн байцаалтад буцаад буй. Мөн саяхан улсын заан, ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны дарга асан Ц.Баярсайханд оноосон 3 жил 200 хоног хорих анхан шатны шүүхийг шийдвэрийг Давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн. Учир нь Ц.Баярсайхан “бусдыг залилсан” гэх хэрэгт буруутгагдсан юм.

-“ӨӨРИЙНХӨӨ БАЯР ЧАДЛААР ОЛЖ АВСАН Л БАЙХ” ГЭЖ ДАЯН АВАРГА Н.БАТСУУРИЙГ ХЭЛЭВ ҮҮ-

Мөн тус уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, “Хэрэв ард түмнээ хүндэтгэхгүй, төрт ёсоо хүндлэхгүй, үзэгч олон түмнийг хүндэтгэхгүй, ийм ааш авир гаргаж байгаа бол өгсөн цолоо Монголын төр буцааж авч болно шүү. Өөрийнхөө баяр чадлаар олж авсан л байх. Гэхдээ ард түмнээ хүндэтгэхгүй бол тэр цолыг авч явах нэр хүнд тэр хүнд байхгүй” гэж нэг хүнийг онцолж хэлж буй мэт үгийг тэрээр хэлсэн юм.

Түүнийг энэ үгээрээ Улсын даян аварга Н.Батсуурийг хэлэв үү гэх хардлагыг төрүүлж байгаа юм.

Учир нь энэ сарын 13 /2022.01.13/-ны Үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаанд зодоглохоор ирсэн Даян аварга Н.Батсуурийг бүртгээгүйд тэрээр дургүйцэж “Май, энэ малгайгаа ав” хэмээн уурлаж Бөхийн өргөөг орхиж явсан.

Мөн энэ сарын 16 /2022.01.16/-ны өдөр “Жем интернэшнл” группийн нэрэмжит барилдааны үеэр Улсын арслан Р.Пүрэвдагва “уучлал хүсээд” Бөхийн өргөөг орхисон бол, Даян аваргаН.Батсуурь тэгээгүй. Тэрээр дээлээ өмсөж, хэсэг бөхчүүдийн хамт Бөхийн өргөөний голын хэсэгт гарч ирэн, эсэргүүцлээ илэрхийлсэн. Энэ үеэр МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, “нийт бөх сонирхогчдоосоо уучлал хүсээд, тус барилдааныг зогсоож байна” хэмээн мэдэгдсэн юм.

Сонирхуулахад, Н.Батсуурь нь 2013 оны улсын наадамд 6 давж шөвгөрч “Улсын харцага” цол, 2014 оны баяр наадамд ес даван түрүүлж "Улсын арслан" цол, 2015 онд тав даван шөвгөрч чимэг нэмсэн, 2016 онд найм даван шөвгөрч чимэг нэмжээ. Харин 2018 онд 9 давж түрүүлэн "Улсын аварга" цол, 2019 онд 8 давж үзүүрлэсэн, 2020 онд 8 давж үзүүрлэсэн ч сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн, 2021 онд 2019 онд улсын арслан Э.Оюунболд сэргээш хэрэглэсэн байсан тул давааг нь нөхөн олгож " Даян аварга " цолыг хүртсэн нэгэн юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн 30.1-д “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэж заасан байдаг.