13 настай Монгол охиныг хүчирхийлсэн БНСУ-ын дөрвөн сурагчийг шүүгч нар “адгуусан амьтнаас дор зүйл хийлээ” гэж хатуу зэмлэжээ

13 настай Монгол охиныг хүчирхийлсэн БНСУ-ын дөрвөн сурагчийг шүүгч нар “адгуусан амьтнаас дор зүйл хийлээ” гэж хатуу зэмлэжээ

Өнгөрсөн оны долдугаар сард БНСУ-ын Янсан хотын дунд сургуулийн дөрвөн сурагч, 13 настай монгол охиныг зодож, гар хөлийг нь скочоор уян хүчээр согтууруулах ундаа өгсөн хэрэг гарсан. Үүгээр ч зогсохгүй охиныг иргэншлээр нь доромжилж, бичлэг хийн сургуулийнхаа хүүхдүүдэд 5 мянган воноор зарсан байдаг.

Уг хэрэг өнгөрсөн 12 дугаар сард олон нийтэд ил болсон бөгөөд энэ сарын 13-ны өдөр тус сурагчдад холбогдох хэргийн шүүх хурал болж, хүүхдийн хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гарсан. Тэгвэл  шүүх хурлын үеэр болсон процессыг БНСУ-ын хэвлэлд мэдээлжээ.  

Тодруулбал, JTBC телевизийн албан ёсны сайтад “13 настай монгол охиныг зодож, танхайрсан дөрвөн сурагчид холбогдох хэргийн шүүх хурал болж өнгөрлөө. Өмнө нь Улсань хотын прокурорын газраас хоёр сурагчийг нь насанд хүрээгүй гэх шалтгаанаар хэргийг хаагаад байсан. Харин үлдсэн хоёр сурагчид холбогдох хэргийг прокурорт шилжүүлж, улсын тусгаарлалтад тодорхой хугацаагаар байлгахаар болоод байсан юм. Тэгвэл нэгдүгээр сарын 13-ны өдөр болсон шүүх хурлын үеэр хэрэгт холбогдсон дөрвөн сурагчийг зургаан сар хүртэлх хугацаанд насанд хүрээгүйчүүдийн хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргасан байна.

Шүүх хурлын үеэр шүүгч Ли Хён Жон дөрвөн сурагчийг “маш том алдаа гаргаж, дуулиан тарилаа” хэмээн хатуу зэмлэжээ. 

Хохирогчийн өмгөөлөгч “та нар хохирогчийг цохисон нь үнэн үү” гэж асуухад дөрвөн сурагч “тийм” гэж хариулан толгой гудайлган нулимс дуслуулав. Энэ үед шүүгч “Хүчирхийлэл бол зөвхөн адгуусан амьтдын хийдэг зүйл. Та нар адгуусан амьтнаас дор зүйл хийлээ” гэж чанга дуугаар зэмлэжээ. 

Хохирогчийн талаас сургуулийн захиргааг хэтэрхий хойрго ажиллаж, шуурхай арга хэмжээ авч чадаагүй гэж үзэж байна. Янсан хотын боловсролын газраас өмнө нь мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулсан боловч зөвхөн хүчирхийлэл үйлдсэн сурагчидтай уулзсан аж. Түүнчлэн энэ хэргийг хариуцсан мөрдөн байцаагч хохирогчийн гомдлыг сарын дараа хэрэгсэхгүй болгосон нь илчлэгдэж, зарим нь цагдаагийн байгууллагын анхан шатны хариу арга хэмжээ тааруу байгаа асуудал хөндөгдсөн юм.

Эх сурвалж: Seoul, JTBC