“Тэтгэвэр, тэтгэмж нэмэх” ЗГ-ын ээлжит бус хурал өнөө, маргаашдаа зарлагдаж магадгүй байгаа аж

“Тэтгэвэр, тэтгэмж нэмэх” ЗГ-ын ээлжит бус хурал өнөө, маргаашдаа зарлагдаж магадгүй байгаа аж

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр /2022.01.26/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж, “зорилтод бүлгийн иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэн ажиллахыг Засгийн газарт чиглэл болгосон” гэх албаны мэдээ гарсан.

Харин зарим иргэд манай улс парламентын засаглалтай, иймд Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалд үүрэг, чиглэл өгөх эрх байхгүй гэж шүүмжилж байгаа юм. Тэгвэл Үндсэн хуулийн 33.3-д, “Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх. Энэ талаар Ерөнхийлөгч зарлиг гаргавал түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж заажээ.

Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дуудаж уулзах үеэр, Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж, “инфляцийн асуудал”-ыг хэлэлцэж байжээ.

Тодруулбал, тус уулзалтын үеэр “инфляцын түвшин нэмэгдэж, 2021 онд улсын хэмжээнд 13.4 хувьд хүрсэн нь бага, дунд орлоготой иргэдийн амьжиргааг хамгаалах шаардлагыг зүй ёсоор бий болгож байна” гэдгийг У.Хүрэлсүх онцолсон байдаг.

Харин тус уулзалтаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гарч ирээд, Засгийн газрын гишүүдэд хандаж, “Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх боломжтой талаарх судалгааг яаралтай хийж ир, удахгүй Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлаж шийдвэрлэнэ" гэж мэдэгдсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар өнөө, маргааш /2022.01.27-28/-даа Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлагдаж "тэтгэвэр, тэтгэмж нэмэх асуудлыг шийдвэрлэж" магадгүй байгаа ажээ.