ВИДЕО: “Гурван хуучин нисдэг тэрэг”-ийг ОБЕГ-т хэт өндөр үнээр нийлүүлсэн Франц талын гэрээний хугацаа ирэх онд дуусна

ВИДЕО: “Гурван хуучин нисдэг тэрэг”-ийг ОБЕГ-т хэт өндөр үнээр нийлүүлсэн Франц талын гэрээний хугацаа ирэх онд дуусна

“Монгол Улс агаараас аврах ажиллагаа явуулах “Airbus ЕС-145” загварын нисдэг тэрэгтэй боллоо” гэх мэдээг монголчууд хэдхэн сарын өмнө сонсож, хүн бүр талархан хүлээн авч байв.

Энэ ч утгаараа Шадар сайд С.Амарсайхан, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар тус нисдэг тэрэгтэй танилцаж, өнгө будаг нь гялалзсан хоёр нисдэг тэргээр олны нүдийг баясгаж байсан цаг саяхан. Гэтэл Франц улсаас 57,9 сая евро буюу 145 тэрбум төгрөгийн төслийн хүрээнд 30 жилийн хугацаатай зээлээр авч буй дээрх нисдэг тэрэгнүүд нь хуучин, зах зээлийн үнээс хэт өндөр өртгөөр нийлүүлүүлэгдсэн талаар бид мэдээлсэн. /Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу/

ОБЕГ-т нийлүүлсэн “Airbus ЕС-145” загварын хуучин нисдэг тэрэг

-МОНГОЛ УЛС 2008-2010 ОНД ҮЙЛДВЭРЛЭСЭН 3000-5000 ЦАГИЙН НИСЛЭГ ҮЙЛДСЭН ГУРВАН AIRBUS EC-145-ЫГ НЭГ БҮРИЙГ НЬ 5.9 САЯ ЕВРОГООР ХУДАЛДАН АВЧЭЭ-

Тэгвэл “Агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийн хүрээнд Францын “Хэли-Юнион” компаниас  худалдан авч буй “Airbus ЕС-145” загварын нисдэг тэрэгнүүд яагаад хуучин ирсэн, хэдэн цагийн нислэг үйлдсэн, нэг бүрийн өртөг нь хэдэн төгрөг, ОБЕГ тус нисдэг тэрэгнүүдийг хүлээн авсан эсэх, хэзээнээс аврах ажиллагаанд явж эхлэх талаар бид газар дээр нь очиж сурвалжлав.

Монгол, Францын Засгийн газрын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд 57.9 сая еврогоор хэрэгжих дээрх төслийн 43 сая еврогоор нь агаараас эрэн хайх, аврах, эмнэлгийн тусламж үзүүлэх ажиллагаанд зориулж тоноглогдсон Airbus EC-145 загварын гурван нисдэг тэрэг, нисгэгчдийг сургах бага оврын нэг нисдэг тэрэг, симулятор, нисдэг тэрэг байрлах Ангар, шатахуун цэнэглэх станц нийлүүлнэ хэмээн хоёр орны Засгийн газар гэрээлжээ. Харин үлдсэн өртгөөр нь хэт хүйтний нөхцөлд гал түймэр унтраах, олон төрлийн, тусгай зориулалтын 42 шинэ автомашин нийлүүлэхээр болсон байгаа юм.

Харин 43 сая еврогийн 24 сая еврогоор нь бүрэн тоноглосон гэх “Airbus EC-145” загварын гурван нисдэг тэрэг, нисгэгчдийг сургах бага оврын нэг нисдэг тэрэг худалдан авчээ.

Нисдэг тэргэний ангар

Тодруулбал, 2008-2010 онд Герман улсад үйлдвэрлэсэн 3000-5000 цагийн нислэг үйлдсэн нисдэг тэрэгнүүдийг нэг бүрийг нь 5.9 сая еврогоор худалдан авсан аж. Харин үлдсэн 19 сая еврогоор нь нисдэг тэрэг байрлуулах Ангар, тэнд байрлах оффисын барилга, газрын үйлчилгээний техник хэрэгсэл, шатахуун цэнэглэх станц, багаж хэрэгсэл, жижиг эд ангийн сэлбэг хэрэгсэл, 12 нисгэгч, механикчийг бэлтгэх зардал зэрэг багтжээ.

“Airbus ЕС-145” загварын нисдэг тэрэг 2,1-3,9 сая еврогоор худалдаалагдаж байна

-Ц.ГАНЗОРИГ: ГУРАВ ДАХЬ ОНГОЦНЫ БҮХ ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ, ТОХИРГОО НЬ ФРАНЦЫН ТАЛД ХИЙГДЭЭД НИСЭХЭД БЭЛЭН ИРНЭ-

Энэ талаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг “2019 онд шинэ онгоц нь 9,5 сая еврогийн үнэтэй байсан. Бид үндсэн зээлийн хэлэлцээрт 2007-2012 онд үйлдвэрлэсэн онгоцыг засвар үйлчилгээ хийж ашиглана гэж заасан. Үндсэн өртөг нь 5,9 сая евро. Үүнд бүх тоноглол нь орсон. Эхний ээлжийн хоёр нисдэг тэрэг ирсэн. Гурав дахь онгоц энэ хавар ирнэ. Тэр онгоцны бүх засвар үйлчилгээ, тохиргоо нь Францын талд хийгдээд нисэхэд бэлэн ирнэ. Гэрээний хугацаанд Францын тал нисдэг тэрэгний бүх засвар үйлчилгээг хариуцахаар тусгасан. Эдгээр нисдэг тэрэгнүүд нь аюулгүй байдлын нэгдүгээр зэргийн гэрчилгээтэй” гэсэн юм.

-“AIRBUS EC-145” НИСДЭГ ТЭРЭГНИЙ ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭГ ХАРИУЦАХ ФРАНЦЫН ТАЛЫН ГЭРЭЭНИЙ ХУГАЦАА ИРЭХ ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРД ДУУСНА-

Манай улсад нийлүүлэгдсэн нисдэг тэрэгнүүдийн бүх засвар үйлчилгээг гэрээний хугацаанд Францын тал бүрэн хариуцна гэдгийг албаныхан хэлж буй. Тэгвэл Францын талтай байгуулсан “Агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийн гэрээний хугацаа ирэх онд буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 30-нд дуусах юм.

Өөрөөр хэлбэл гэрээний хугацаа дууссанаас хойших хуучин нисдэг тэрэгнүүдийн бүхий л засвар үйлчилгээг монголчууд өөрсдөө хариуцна гэсэн үг.  

Бидний очиход Франц бололтой гадаад иргэн нисдэг тэрэг дээр ажиллаж байв

Харин төслийн гэрээ 2020  оны хоёрдугаар сарын 29-нөөс эхэлсэн байдаг. Гэтэл нэг ч нисдэг тэрэг нь Зэвсэгт хүчний жанжин штабын агаарын цэргийн командлалын Улсын нисэхийн хэлтсээс “Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээгээ аваагүй” байгаа юм. Үүнээс үзэхэд өнөөдрийг хүртэл бүрэн хүлээж аваагүй, тэр ч байтугай нэг нисдэг тэрэг нь ч ирээгүй байхад гэрээний хугацаа дуусах бололтой.

-19 САЯ ЕВРО БУЮУ 60 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ОБЕГ-ЫН 111 ДҮГЭЭР АНГИЙН ОФФИС НЬ ХОЁР ДАВХАР КОНТЕЙНЕР-

Тиймээс манай сурвалжлах баг ОБЕГ-ын Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийг зорьж, “Airbus ЕС-145” загварын нисдэг тэрэг болон Ангарыг үзэж сонирхов. ОБЕГ-ын зөвшөөрлөөр Иргэний нисэхийн үндэсний төвийн Аюулгүй байдал, хамгаалалтын албанаас хамгаалалтын бүсэд нэвтрэх зөвшөөрөл авснаар тус ангид нэвтэрлээ. Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн хашаанд хар үгээр хэлбэл томоохон хэмжээний гурван угсраа майхан, түүнтэй залгаа хоёр давхар контейнероор хийсэн оффис байх аж.

Тэнд 19 сая евро буюу 60 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлж буй үнэхээр чамлалттай харагдаж байсныг энд нуух юун. Учир нь тус төслийн өртгийг татвар төлөгчдийн мөнгөөр 30 жилийн хугацаанд 0.08 хүүтэйгээр төлнө. Гэтэл оффисын барилга нь хоёр давхар контейнер...

Харин “Airbus ЕС-145” загварын нисдэг тэрэг байрлах Ангар нь цементэлж зассан талбай дээр нэлээд зузаан бололтой гялгар материалаар хийгджээ. Өмнө нь энэ мэт Ангарыг үзэж байгаагүй болоод тэр үү мөн л чамлалттай, олон жил ашиглах баталгаагүй “майхан” харагдав.

ОБЕГ-т нийлүүлсэн “Airbus ЕС-145” загварын хуучин нисдэг тэрэг

ОБЕГ хүлээж авахад бэлэн болоод буй гэх нэг “Airbus ЕС-145” нь туршилтын нислэг үйлдэж байсан бол нөгөөхийг нь Францын инженер угсарч байлаа. Тиймээс ОБЕГ-ын Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн Авианик инженер ахмад С.Дэлгэрмягмараас дээрх хоёр нисдэг тэрэгний нислэгийн цагийн талаар болон нисдэг тэрэгнүүд хэзээнээс ажиллагаанд явах талаар тодрууллаа. Тэрбээр  “Нислэгийн цагийн мэдээллийг өгөх бүрэн боломжгүй. Дээрх хоёр нисдэг тэрэг ОБЕГ-ын мэдэлд бүрэн шилжээгүй байна. Монгол Улсын ЗХЖШ-ын агаарын цэргийн командлалаас нислэгт тэнцэх гэрчилгээгээ авах гээд материалаа явуулсан. Маргааш манай дээд удирдлагын бүрэлдэхүүн ирж, шалгалтын нислэгээ хийнэ. Бидний тооцоогоор эхний ээлжийн нисдэг тэрэг хоёрдугаар сарын нэгэн гэхэд ажиллагаанд явахад бэлэн болно” гэх хариултыг өгсөн юм.

Харин Нисдэг тэрэгүүдийг яагаад өнөөг хүртэл хүлээж авахгүй удаашраад байгаа талаар ОБЕГ-ын Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисэхийн албаны дарга хошууч Ч.Буянбадрахаас тодруулахад “Францаас ирсэн хоёр нисдэг тэрэг нь задгай орж ирсэн учраас угсрах ажилд нэлээд хугацаа орсон. Мөн бичиг баримтын олон бүрдүүлэлт хийдэг. Энэ бүхнээс шалтгаалаад удааширсан. Гэхдээ маргааш бид нар нислэгт тэнцэх чадвараа улсын нисэхийн хэлтсээсээ авах гээд байж байна. Энэ гэрчилгээгээ авчихсан ажиллагаанд явах боломжтой болно” гэлээ.