Д.Туулайбаатар: Хүмүүст яаж эрүүл бүтээгдэхүүн хүргэж, үйлчлэх вэ гэж их боддог доо, эмээ нь

Д.Туулайбаатар: Хүмүүст яаж эрүүл бүтээгдэхүүн хүргэж, үйлчлэх вэ гэж их боддог доо, эмээ нь

-80 НАС ДӨХӨЖ ЯВАА Ч ДУГУЙ УНАЖ, ТАРИАЛСАН НОГООГОО ХҮРГЭДЭГ Д.ТУУЛАЙБААТАР ГУАЙТАЙ ЯРИЛЦЛАА-

Д.Туулайбаатар гуай өдгөө 77 насыг зооглож байгаа ч тариалсан ногоо, гар аргаар хийсэн салатаа захиалагчдадаа түгээхээр дугуйгаа унаж хөдөлмөрлөж байна. 1970-аад оноос хойш олон жилийн турш уйгагүй газар тариалан эрхэлж байгаа хүн бол ногоочин буурлын тухай сурвалжлан хүргэж байна. Хашаандаа хоёр том хүлэмжид, Далангийн талбайд 40 сот газарт хүнсний ногоо тариалдаг. Ногоо төдийгүй артишок, булцуут цэцгийн цайны мод ч тарьдаг ажээ. Өндөр настан Д.Туулайбаатар " Хүн хөдөлж л байвал эрүүл байдаг болов уу. Дугуй унаж хэвших нь эрүүл мэндэд тустай, урт наслахын үндэс" гэж боддог хэмээн ярьж байлаа.

-ДУГУЙГАА УНААД НОГООГОО ГАНЗАГАЛСАН ЭМЭЭГ
НУТГИЙНХАН НЬ АНДАХГҮЙ-

Өдгөө 77 насыг зооглоод буй Д.Туулайбаатар улс, нийгэмдээ 45 жил ажиллаж 2002 онд өндөр насныхаа тэтгэвэрт гарчээ. Улсад ажил хийж байхдаа л ногоо тарьдаг байж. Тэтгэвэртээ гарсан ч тарьж байна. Тэрээр залуу байхдаа л дугуй унаад сурчихсан, түүгээрээ бүхий л ажлаа амжуулдаг тухайгаа хуучилсан юм. “Дугуйгүй бол алхаж, бүр хором ч зогсож чадахгүй. Дугуйтайгаа бол “жийж” өгнө. Дугуй унахад хөл гар, ер өвдөхгүй шүү. Үүгээрээ аймгийн төв дотроо хамаг л ажлаа амжуулдаг юм эмээ нь” хэмээн ярьсан юм.

Д.Туулайбаатар гуай таван хүүхэд өсгөж хүмүүжүүлжээ. Хамгийн отгон хүүтэйгээ хамт олон төрлийн ногоо тариалж, тариалсан ногоогоо дугуйндаа ганзагалаад л байнгын хэрэглэгчдэдээ хүргэлтээр үйлчилнэ. Мөн хүрэн манжин, байцаа, луувангийн салат хийгээд аймгийн төвийн байгууллагууд болон захаар явж борлуулалтаа хийнэ. Ийн явахад түүнийг хүмүүс андахгүй таньж, салатыг нь худалдан авч амтархан идэх дуртай.

-18 ЖИЛ ТАСРАЛТГҮЙ ДУГУЙ УНАЖ БАЙНА. ДУГУЙГҮЙ БОЛ АЛХАЖ,
БҮР ХОРОМ Ч ЗОГСОЖ ЧАДАХГҮЙ-

-Таныг олон нийтийн цахим сүлжээнд "Дугуй унадаг эмээ" гэдгээр хүмүүс андахаа байжээ. Хэзээнээс дугуй унаж эхлэв?

-1960-аад онд хөдөө мал маллах ахуйдаа “Ажлын хар” гэх том дугуй унаж сурсан.  Би 2002 онд өндөр настны тэтгэвэрт суусан. Түүнээс хойш дугуй байнга унадаг болсон. 17-18 жил тасралтгүй дугуйг унаж байна даа. Залуу байхдаа спортоор хичээллэж байсан учраас дугуй унах сонирхолтой.  Дугуйгүй бол алхаж, бүр хором ч зогсож чадахгүй. Дугуйтайгаа бол “жийж” өгнө.

-Залуу байхдаа хаана, ямар ажил эрхэлдэг байв?

-1958-1965 онуудад Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд мал маллаж, тэмээ хариулж явлаа. Мөн сумандаа найман жил номын сангийн эрхлэгчээр ажиллаж, соёлын үрийг хөдөлмөрчдөд түгээсэн. 1974 онд Өмнөговь аймгийн гүйцэтгэх захиргаа буюу одоогийнхоор бол ЗДТГ-т бичиг хэргийн эрхлэгч, Ардын депутатын хурал, ЗДТГ-ийн бичиг хэргийн эрхлэгчээр 30 гаруй жил ажиллаад 2002 онд өндөр настны тэтгэвэрт суусан хүн дээ. 

-Таныг залуудаа улс нийгмийн ажлынхаа хажуугаар ногоо тариалж эхэлсэн, одоо ч тарьж байгаа гэж дуулсан юм байна. Хэзээнээс ногоо тариалж эхэлж байв?

-Тийм ээ. 1970-аад оны үед айл өрхүүдийг ногоо тариалуулах тухай засгийн газрын тогтоол гарсан байдаг юм. Түүнийг нь дуулаад л гэрийнхээ хашаанд гурван метр жижигхэн газарт төмс тариалж эхэлсэн. Түүндээ урамшаад усан оргилуур, далангийн тэнд хүмүүс ногоо тарьж байхыг хараад засаг захиргаандаа хандаж, “Би ногоо таримаар байна. Газар байна уу” гэхэд “Энд тарь гээд л” газар олгож билээ. Ногооны талбай манай гэрээс гурван км хол зайтай. Ирэх очихын зургаан км замыг дугуйгаар туулж ногоогоо эргэдэг байлаа. Дугуйгаар маш их ажил амжуулдаг юм. Одоо нийт 40 сот газар ногоо тарьж байна. Мөн гэрийнхээ хажууд нарийн ногоо тариалдаг хоёр хүлэмжтэй. Огурци, помидор, чинжүү тарьж байгаа. 

-Тарьсан ногоогоо хэрхэн борлуулдаг вэ?

-Өө, би зах, дэлгүүрт лангуугүй. Өөрөө дугуйгаа унаад л худалдаж авна гэж ярьсан хүмүүст гэрт нь болон ажил дээр нь хүргээд өгчихдөг юм. Шуудайтай ногоог дугуйндаа ганзагалаад албан газруудаар явахад л худалдаад авчихдаг шүү. Соёлтой, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хангах зорилготой юм л даа, эмээ нь. Яавал аятайхан хүргэх вэ гэж боддог. Заримдаа эрт ургацын манжингаа хот руу оруулж "Барс" худалдааны төвд аваачиж нийлүүлдэг. Энэ жил манжин ургаагүй, өгч чадсангүй ээ.   

-Гараар бэлтгэсэн салатаа ч бас хүргэлтээр зардаг уу?

-Тийм. Би хүрэн манжингийн, байцааны, луувангийн гэх мэт салат хийгээд зардаг. Хааяа төмс шараад салат хийнэ. Хүмүүст яаж эрүүл бүтээгдэхүүн хүргэж, үйлчлэх вэ гэж их боддог. Тиймээс салатандаа уксус, халуун ногоо зэрэг элдэв хольц хийдэггүй. Тэгээд л албан газар, таньдаг хүмүүсийнхээ ажлаар явж үйлчилдэг. Ийм л ажилтай хүн дээ, би. Өдөр бүр яваад байдаггүй. Хааяа л явна. Намайг танихгүй хүн гэж үгүй болсон байна. Нэг хэсэг махан зууш хийдэг байлаа. Тэрийг хүмүүс их сонирхож авна. Хийхгүй болохоор “Та яагаад махан зууш хийхгүй байгаа юм бэ” гээд л асууна. /инээв.сурв/

-ГЯЛГАР УУТАНД ХҮНС ХИЙЖ БОЛОХГҮЙ ГЭХ ЮМ. МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ ОРЖ НОГООГОО ЯМАР УУТАНД ХИЙЖ БОЛОХЫГ АСУУНА-

-Та хэдэн төрлийн ногоо тариалж байна вэ?

-Төмс, манжин, лууван, сонгино, сармис, огурци, помидор, чинжүү, улаан лооль гэсэн ногоонуудыг их, бага хэмжээгээр тариалж байна. Эрүүл мэндэд хэрэгтэй гэдэг үүднээс артишок, булцуут цэцгийн цайны модыг тарьдаг юм. Тарьж хатаагаад авъя гэсэн хүмүүст хүргэдэг. Одоо хүнсний бүтээгдэхүүнийг гялгар уутанд хийж болохгүй гэх юм. Удахгүй мэргэжлийн хяналтын газраар явж ногоогоо ямар стандартын уутанд хийж болохыг асуух санаатай л сууж байна. /инээв.сурв/

-Салат, ногоо авдаг байнгын хэрэглэгчидтэй болсон байх шүү?

-Өө тэгэлгүй яах вэ. Байнга авдаг хүмүүс бий. Ногоогоо ганзагалаад хаана ч яваад очход зараад дуусчихдаг л юм. Зарагдахгүй буцаад ирэх тохиолдол бараг байхгүй шүү. Тийм ногоо авъя гээд л залгахад, хүргээд өгчихдөг. Заримдаа явахгүй үед “Та салатаа хийхгүй юм уу” гээд л асуудаг. Огт амталж үзээгүй хүмүүс сонирхохгүй. Харин амталж үзсэн хүмүүс л байнгын хэрэглэгч маань болчихсон байна.

-Өдий 77 насыг зооглосон хэдий ч, хөнгөн шингэн байгаа тань дугуй унасны ач тус уу? 

-Өдий 77 хүрчхээд хөнгөн шингэн байгаагаа биеийн тамир спортын ач тус гэж боддог шүү. Залуу байхдаа спортоор хичээллэдэг байлаа. Хөнгөн атлетикийн тэмцээнд ч орж байсан. Мөн залуу байхдаа дугуй унаж сураад, тэтгэвэртээ гараад ч унасан нь эрүүл мэндэд их ач тусаа өгч байгаа бодож сууна даа. Бүр ядаж эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй шүү. Машин унаад, бензин хийнэ гэхгүй. Ногоо зараад явахаар хүмүүс намайг "Санхүүгийн хувьд бололцоотой эмээ" гэж бодоод байдаг юм. Гэтэл өдөрт хэд хэдэн килограммаар л зардаг болохоор овойж, оцойтол мөнгө олсон юм алга. Өдөр өдрийнхөө хэрэгцээг хангаад л дуусдаг юм. Хурааж хумьсан мөнгө ч байхгүй. Зүгээр суухын оронд хөдөлж, хөдөлмөрлөж байх нь эрүүл мэндэд маань ач тустай. Гэрт зүгээр суугаад байж чадахгүй юм.

-Ногоо тариалахад газар шорооны ажил хүнд шүү. Ганцаараа энэ бүхнийг амжуулдаг уу, туслагч бий юу?

-Хамгийн отгон хүү маань надад тусалдаг. Хүү маань хүлэмждээ, би талбайд ажиллана. 

-Та Өмнөговь аймгийн уугуул иргэн үү. Нутаг ус хаана вэ?

-Би Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын уугуул иргэн.

-Танай аймагт дугуйн зам хэр элбэг байдаг вэ. Дугуй унах боломж нөхцөл хэр бүрдсэн бэ?

-Өмнөговь аймагт бүтээн байгуулалтын ажлууд их өрнөж байна. Дугуйн замтай болохоор дугуйгаар ажил амьдралдаа явахад ямар нэгэн бэрхшээлгүй сайхан болжээ. Аймгийн зүгээс ард иргэдийнхээ аятай тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж ажиллаж байна. Тиймээс бид ажиллаж хөдөлмөрлөж байж аймаг орон нутаг хөгжинө гэж би хувьдаа боддог доо.