Ч.Улаан: Хонь ямааны махны экспортод квот тогтооно

Ч.Улаан: Хонь ямааны махны экспортод квот тогтооно

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээллээ.

Тэрбээр:

Өнөөдөр /2019.05.22/ Засгийн газрын хуралдаанаар  хүн амын хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүний хангамж, үнийн түвшинг тогтвортой балйгах асуудлыг хэлэлцлэээ. Энэ хүрээнд үндсэн дөрвөн нэр төрлийн бүтээгдэхүүнийг голчлон хэлэлцсэн. Өнгөрсөн долоо хоногийн эхээр зах зээл дээрх махны үнийн өсөлт ард иргэдийг нилээд бухимдуулсан. Ийм байдал гаргахад нөлөөлсөн хүчин зүйлүүдийг нарийвчлан авч үзэж байна. Өнөөдрөөс Засгийн газраас тодорхой арга хэмжээнүүд авахаар болсон тухай товчхон мэдээлье.

НЭГ. МАХ

Энэ жилийн хувьд махны хангамжийн байдал ялангуяа, шинэ махтай золгох хүртэл Засгийн газар онцгой анхаарч, нөөцөлсөн махыг дөрөвдүгээр сарын 15-наас гаргасан. Өнөөдрийн байдлаар нөөцийн махны 49 орчим хувийг нийүүлсэн. Нөөцийн махны зах зээлд нийлүүлсэн үнэ нь зах зээлийн үнээс 15-40 орчим хувиар хямд байна. Өнөөдөр 127 худалдааны цэг, дэлгүүр хоршоодоор борлуулж хагас бүтэн сайнд өргөтгөсөн худалдаа зохиож байна.

Зах зээл рүү орж ирэх махны нийлүүлэлтэд нөлөөлж байсан хэд хэдэн хүчин зүйлүүдийг судалж үзсэн. Үүнийг дулааны аргаар мах боловсруулж экспортод гаргадаг үйлдвэрүүд түүхий эдээ Хүчит шонхор зах дээрээс бэлддэг буюу нийслэлийн иргэдийн хэрэглээний махыг бөөндөж, үйлдвэрлэлийн зориулалтаар авч байгаа нь зах зээлийн тэнцвэртэй байдлыг алдагдуулахад нөлөөлж байсан нь тогтоогдлоо. Үүнийг таслан зогсооно.

Дулааны аргаар мах боловсруулж экспортод гаргах БНХАУ-ын засгийн газар хооронд хийсэн протоколд эхний ээлжинд эрүүл ахуйн өндөр шаардлага тавигдсан байдаг. Энэ өндөр шаардлагыг хангахын тулд дулааны аргаар мах боловсруулах үйлдвэрүүд итгэмжлэгдсэн мах боловсруулах үйлдвэрүүдээс түүхий эд бэлтгэж байх үүрэгтэй. Энэ журам хангалтгүй байснаас болоод ард иргэдийн гар дээр очих ёстой махыг түүхий эд болгон бэлдэж байсан. Эсвэл зах зээл рүү орох замаас нь амдаж малыг амьдаар нь авч, гар нядалгаагаар буюу баталгаагүй үйлдвэрүүдэд нядалж байсан нь тогтоогдсон. Энэ байдлыг таслан зогсооно. БНХАУ-д экспортолж буй бүтээгдэхүүн эрүүл ахуйн шаардлага хангаагүй гэдэг шаардлага ихээр ирэх болсон. Энэ нь дээрх үйл явдалтай холбоотой байж.  

Дулааны аргаар үйлдвэрлэж экспортод гаргах махны хэмжээнд квот тогтооно. Өөрөөр хэлбэл, тухайн жилийн мал сүргийн өсөлт, дотоодын зах зээлийн хүрэлцээтэй холбогдуулан тогтоож байхаар журамд шилжинэ. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын өмнөх журамд өөрчлөлт орно.

Мөн хонь, ямааны махыг хязгаарлалт өгөхгүйгээр гаргадаг байсан бол цаашид эрүүл ахуйн шаардлагыг хангах үүднээс квоттой болгож, жил жилд нь тодорхой хэмжээ зааж өгөхөөр журамд шилжиж байна.

ХОЁР. ГУРИЛ

Засгийн газар энэ асуудлыг нэлээд дэлгэрэнгүй ярилцлаа. Өнгөрсөн жилийн авсан ургацын хэмжээг харахад хангалттай хэмжээний нөөц хадгалагдаж байна. ХХААЯ-наас үйлдвэрүүдэд хийсэн судалгаанаас үзэхэд одоогоор 100 гаруй мянган тонн гурил үйлдвэрлэх түүхий эд болон гурил үйлдвэрүүдийн агуулахад байна. Чөлөөт худалдааны хэлэлцээрт Дэлхийн худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүргийн дагуу 11 мянган тонн гурил импортоор авахаар олгогдсон байна. Шинэ ургацын гурилтай золготол Улаанбаатар хотын болон нийт улсын ард иргэдийн хэрэгцээг дотоодоос бүрэн хангах боломжтой гэж гарсан. Үнэ ханшийн хувьд ч тогтвортой байх тооцоо бий. Дээд гурилын үнэ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28 төгрөгөөр нэмэгдсэн байна. Нэгдүгээр гурилын үнэ өнгөрсөн оныхоос буурсан байна.

ГУРАВ.  ТӨМС, ХҮНСНИЙ НОГОО

Өнгөрсөн жил төмсний хэрэгцээг бүрэн хангах хэмжээнд ургац хураасан. Хүнсний ногооны 47 хувийг хангах нөөц хурааж авсан. Ингээд зах зээл дээр байгаа хангамжийг харахад тогтвортой байна. Дөрөв, тавдугаар сараас эхлээд зооринд хадгалсан хүнсний ногоонуудаа гарган худалдаанд гаргадаг жишиг бий.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.

-Махыг эдийн засгийн эргэлтэд зохистой байдлаар оруулах тал дээр салбар яам хэрхэн анхаарч байна?

-2018 онд 15 тонн махыг зэдийн засгийн эргэлтэд оруулсан байна. Өнөөдрийн байдлаар 85 сая мал Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бэлчээрлэж байна. Тиймээс бид малаа эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлагатай байна. Дотоодын зах зээлд үнийн түвшинг буулгах асуудал дээр салбарын яам бодлогын түвшинд анхаарч ажиллана.

-Өмнө нь нөөцийн махыг Нийслэлээс бэлддэг байсан. Яам оролцож байгаа нь зөв үү?

-Нөөц бага бэлдсэн явдал бол зах зээл дээрх махны үнийн өсөлтийг хянаж чадахгүй байдалд хүргэдэг. Өмнө нь Нийслэл хариуцдаг байсан. Махны үнийн өсөлтийг салбар яам нь бодлогоор барихын тулд асуудлыг шилжүүлж авсан байдаг .

-Дулааны аргаар мах боловсруулж, экспортлогчдод шууд байдлаар хязгаар тавина гэсэн үг үү?

-Гол нь журам дүрэмд нь нийцүүлнэ. Хорьж цагдаад байгаа юм биш. Дотоодын зах зээл дээр махны эрэлт нэмэгдээд байхад экспорт явуулах нь зохимжтой арга биш. Улирлын байдлаар нь зохицуулалт хийнэ. Жилийн дүнгээрээ махны экспорт өсөхгүй.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ТҮШИГ