Төв аймгийн цагдаагийн алба хаагчид хүний аминд хүрсэн гэх хэргийг шалгаж байна

Төв аймгийн цагдаагийн алба хаагчид хүний аминд хүрсэн гэх хэргийг шалгаж байна

Энэ сарын 23-ны өдөр Төв аймгийн Улаанцайдам сумын эмнэлэгт 61 настай, эрэгтэй хүн нас барсан тухай мэдээллийг бид өмнө нь хүргэсэн билээ. Харин дээрх талийгаачийг Төв аймгийн цагдаагийн хоёр алба хаагч хээр аваачиж зодож амь насыг нь хөнөөсөн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан бөгөөд дээрх гэмт хэргийг нутгийн иргэд харсан хэмээн ярилцлага өгсөн байдаг.

Дээрх хэргийг мөрдөн байцаах албаны тусгай субьектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэс нарийвчлан шалгаж эхэлсэн бөгөөд талийгаачийн задлан шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа аж.

Иймээс задлан шинжилгээний хариу гармагц үхлийн шалтгааныг олж тогтоон цагдаагийн алба хаагчид хүн зодож алсан эсэх хэргийн учир тайлагдах юм байна.  Мөн тухайн хэргийг харсан гэх гэрчүүдээс тайлбар мэдүүлэг авсан ба Төв аймгийн цагдаагийн хоёр алба хаагчыг шалгаж байна.

Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү мэдээллэхдээ:

-Тухайн өдөр Төв аймгийн Цагдаагийн газрын Заамар сумын ахлах мөрдөгч,  цагдаатайгаа ажил үүргээ гүйцэтгээд явж байсан. Хулгайн гэмт хэрэгт сэрдэгдсэн 14 настай хүүгээс тайлбар мэдүүлэг аваад явж байх үед гар, хөл нь цус болсон согтуу хүн орилж байгаатай таарч.  Тиймээс цагдаагийн хоёр албан хаагч хэв журам сахиулахыг оролдсон байдаг.

Талийгаач нь 61 настай Э гэж хүн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан. Гар, хөл цус болсон шалтгаан нь ажилтнуудыхаа хоолыг бэлдэх зорилгоор үхэр гаргасан гэсэн. Цустай гар, хөлөө угаалгүй явж байсан юм билээ.

Талийгаач цагдаагийн  ажилтнуудын өөдөөс эсэргүүцэж, тэдний хооронд маргаан үүссэн гэсэн. Цагдаагийн алба хаагч нар тухайн хүний согтуурлын зэргийг шалгахаар  цагдаагийн хэлтэс рүү авч явсан байдаг.  Энэ үед хохирогчийн биеийн байдал муудсан байна.  Ингээд эмнэлэг рүү хүргэж өгсөн байдаг. Бидэнд одоогоор ийм тайлбар, мэдүүлэг өгсөн. Хэргийг тал бүрээс нь нарийн шалгах болно. Бодит үнэнийг тогтоох нь цагдаагийн байгууллагын үүрэг. Хоёр цагдаа хэрэг хийчихээд зугатаад явсан гэсэн асуудал яригдаж байгаа.

Талийгаачийг эмнэлэгт хүргэж өгөх үед дөрвөн залуу ирж, цагдаагийн ажилтнуудын биед халдсан байна. Ахлах офицерийн толгой хавдсан, машин барьж явсан цагдаагийн тархи хагарсан мэдээлэл байна гэсэн юм.