Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын нэрийг барьж залилан хийсэн этгээдийг шалгаж байна

Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын нэрийг барьж залилан хийсэн этгээдийг шалгаж байна

Солонгосын виз гаргаж өгнө хэмээн иргэдийг хуурч их хэмжээний хохирол учруулдаг залилагчид олширсоор байна. Манай сайтын өчигдрийн дугаарт “Солонгосын виз гаргаж өгнө” гэх КОМПАНИЙН ард иргэдийг луйварддаг СҮЛЖЭЭ байгаа асуудлыг хөндсөн.

Тэгвэл өнөөдрийн дугаартаа мөн уг асуудлыг хөндөж байна. Тодруулбал, Уул, уурхай хүнд үйлдвэрий яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргалын туслах хэмээн өөрийгөө танилцуулсан этгээд Солонгосын виз гаргаж өгнө хэмээн 10 гаруй иргэнийг хуурч  хүн тус бүрээс таван сая төгрөгийг нь залилан авчээ.

Залилагч Enkhuush Mongolia гэх хаягаар фэйсбүүк дэхь зарын группууд рүү “Албаны визээр Солонгос улс руу явуулж өгнө. Ажил ихтэй тул бичиг баримтаа шуудангаар явуулаарай” гэх зарыг түгээжээ. Зарын дагуу иргэд холбогдоход Уул, уурхайн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргалын шуудангийн хаягийг өгч “Энэ хаяг руу бичиг баримтаа  явуул” гэсэн байна. Иргэд ч тус хаяг руу нь бичиг баримтаа явуулжээ.

Залилагч этгээд анх иргэдэд “Уул, уурхайн яамны ажилчид Солонгос улсад албан ажлаар айлчлах гэж байна. Тиймээс Уул, уурхайн яамны ажилтаны статусаар таван сая төгрөгөөр Солонгос улсад албаны визээр гаргаж өгч болно” гэж хэлэн итгэн үнэмшүүлжээ.

-ХОХИРОГЧ: АРАЙ ЯАМНЫ ТОМ ДАРГЫН НЭР БАРЬЖ ЗАЛИЛАН ХИЙНЭ ГЭЖ БОДООГҮЙ-

Нэрээ нууцлахыг хүссэн хохирогч эмэгтэй “Би анх энэ  сарын 15-ны өдөр залилагч этгээдтэй холбогдсон. Хоёр хоногийн дараа буюу 17-ны өдөр паспортоо өгсөн. Ингээд 20-ны өдөр таны виз тань гарчихлаа гэж надад хэлсэн. Паспорын хуудас дээр виз наасан зургийг чатаар явуулсан байсан.  Ингээд би виз гарсан гэх өдрөөс хойш дөрвөн хоногийн хугацаанд “Паспортоо аваад Солонгосын элчинд шалгуулмаар байна” гэж хэлэхэд “Тооцоогоо хийсний дараа Солонгосын Элчин рүү паспортыг тань өгч баталгаажуулна. Та эхлээд төлбөр тооцоогоо хий гэж дөрвөн хоногийн турш мөнгө нэхсэн. Мөнгөө өг ар, арын ажлуудаа хиймээр байна. Таниас болж олон хүний бичиг баримт хүлээгдээд байна” гэж бичээд байсан. Ингээд би энэ сарын 24-ны өдрийн 14.00 цагт мөнгөө хийгээд баримтаа чатаар явуулсан чинь “Таны материал асуудалгүй болсон. Нэгээс, хоёр цагийн дараа хариу өгнө” гэсэн. Хариу ирэхгүй болохоор нь “Яасан бэ” гэж асуухад “Манай дарга ажилтай байна. Жаахан хүлээж байгаарай”  гэсэн. Ингээд 25-ны өглөө 08.00 цагт чатаа шалгасан чинь миний фэйсбүүк хаягийг блоклосон байсан. Энэ өдрүүдэд уулзаж үзээгүй. Байнга л чатаар харьцаж байсан. Төрийн яамны том даргын туслах арай ч луйвар хийхгүй байх гэж итгэсэн. Тэгээд ч Г.Нандинжаргал даргын шуудангийн хаягаар бичиг баримт авсан учраас итгэл үнэмшилтэй байсан, эргэлзээгүй” гэлээ.

-УУЛ, УУРХАЙ ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ: БИДНИЙ НЭРИЙГ БАРЬЖ ИРГЭДИЙГ ХОХИРООСОН ЭТГЭЭДИЙГ ЦАГДААД ШАЛГУУЛЖ БАЙНА-

Харин бид энэ талаар Уул, уурхай хүнд үйлдвэрийн төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргалын туслахтай холбогдож тодруулахад “Бид энэ асуудлыг шалгуулахаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан. Бидний нэрийг бариад залилан хийгээд байна. Хууртаж мөнгө, төгрөгөөрөө хохирогчдын тоо өсөх магадлалтай байгаа учраас энэ асуудлыг даруй зогсоож өгнө үү” гэсэн гэлээ.

Виз гаргаж өгнө гэдэг залилагч нар үүнээс өмнө Сангийн яамны нэрийг барьж мөн иргэдийг хохироосон байна. Тэд виз гарсаны дараа мөнгө авна гэж зар тавьдаг аж. Ингээд иргэдийн паспорт дээр хуурамч виз нааж өгч мөнгөө аваад ор сураггүй алга болдог байна. Тиймээс энэ төрлийн утгатай зарын дагуу мөнгөө өгч хууртахгүй байхыг иргэдэд анхааруулж байна.




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө