Э.Бат-Үүл: Надаас мэдүүлэг ч аваагүй, байцаалт ч аваагүй

Э.Бат-Үүл: Надаас мэдүүлэг ч аваагүй, байцаалт ч аваагүй

Өнөөдөр ЕТГ-ын дарга нарын гомдлоор Хотын дарга асан Э.Бат-Үүлд Зөрчлийн хуулиар хоёр сая төгрөгийн торгууль тавьсан нь үндэслэлтэй эсэх асуудлаарх шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ. Шүүх хурал одоогоор үргэлжилж байгаа бөгөөд ямар нэгэн шийдвэр гараагүй байна. Энэ үеэр Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүл сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлсэн юм.

-Таныг ЕТГ-ын даргын нэр төрд халдсан хэмээн хоёр сая төгрөгөөр торгосон нь үндэслэлтэй эсэх хурал болох гэж байна. Таны өөрийн байр суурь юу байн вэ?

-ЕТГ-ын дарга миний нэр төрийг гутаасан хэмээн цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дагуу намайг хууль зөрчиж байгаад торгосон. Би бүүр хууль зөрчиж байгаад торгосон гэдгийг зориуд хэлэхийг хүсэж байна. Ямар ч нэр төрийг нь гүтгэсэн гэсэн энэ үйлдлийг шалгахгүйгээр шууд л ЕТГ-ын даргын хүсэлтээр намайг торгочихсон. Би өмгөөлөгчтэйгөө энэ асуудал дээр мэдүүлэг өгнө гэж хэлээд байхад л тэр орой нь шууд торгож байгаа юм. Надаас асуусан ч юм байхгүй, байцаасан ч юм байхгүй ингээд шууд торгож байгаа юм. Энэ нь нөгөө Захиргааны хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль гэх зэрэг бүхий л хуулиа зөрчөөд шууд торгож байгаа юм. Энэ асуудалтай холбогдуулан би шүүхэд гомдол гаргасан. Ингэхдээ “Наадах чинь хууль бусаар хүн торгоод байна гэж гомдол гаргасан.

Ингэж хууль зөрчиж байгаа явдлыг юу гэж уншиж болох вэ гэхээр цагдаа бол захиалгаар ажиллаад байна гэж харж болно. Нэг талын захиалгаар шийдвэр гаргаж байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, ЕТГ-ын даргын захиалгаар ажиллаж байгаа юм уу л гэсэн ийм байр суурьтай байна. Тийм учраас би шүүхэд хандсан.

-Таныг хэрхэн яаж нэр төрд нь халдсан гэж үзээд торгосон юм бэ?

-Нөгөө н.Энхсайханыг хуулийн үндэслэлгүйгээр баривчилсан явдлыг би буруутгаж твиттер дээр бичсэн. Ингэхдээ ямар ч хуулийн үндэслэлгүйгээр хүнийг хийгээгүй хэргийнх нь төлөө шууд баривчилж болохгүй. Энд бол ЕТГ-ын даргатай холбоотой гэх утгатай зүйл бичсэн. Тэрэнтэй холбогдуулж ЕТГ-ын дарга надад гомдол гаргасан юм билээ. Тэгэхээр би бол ЕТГ-ын дарга өөрийнхөө нэр төрийг хамгаалахаар хуулийн байгууллагад хандах нь байдаг зүйл. Энэ бол ардчилалын нэг хэсэг. Асуудлын гол нь юунд байгаа вэ гэхээр нэг талд шийдвэр гаргаж болохгүй шүү дээ.

-Таниас нэг ч удаа байцаалт аваагүй юм уу?

-Аваагүй. Мэдүүлэг ч аваагүй, байцаалт ч аваагүй. Хүсэлт гаргаад л шууд торгож байгаа юм.

-Хэдэн төгрөгөөр торгосон юм бэ?

-Хоёр сая төгрөгөөр торгосон. Дээрээс нь ЕТГ-ын дэд дарга н.Байгалмаа бас миний нэр дээр гомдол гаргасан. Энэ хүн бол Ерөнхийлөгчийн нэр төрд халдлаа. Тэр битгий хэл төрийн байгууллагуудын нэр төрд халдлаа гээд гомдол гаргачихсан. Тэрийг мөн л торгууль гаргасан. Надаас тэр тухай нэг ч удаа асууж тодруулаагүй.

Би жишээ нь одоо энэ урьдчилан хэлэлцэх хуралд шууд асуудлаа тавина. Ингэхдээ н.Энхсайханыг баривчлах үед ЕТГ-ын дарга хэн хэнтэй, ямар хуулийн байгууллагатай утсаар ярьж, ямар нэгэн байдлаар холбогдсоныг шалгаж өг гэдэг асуудал, хүсэлт тавина. Өөрөөр хэлбэл тогтоох хэрэгтэй шүү дээ. Надад мэдээллийн эх сурвалж байна. Би тэр эх сурвалжаа нуух эрх байгаа. Харин би зөрүүлээд шууд асуудал тавина. ЕТГ-ын дарга хаашаа, хаашаа ярьсан. Прокурорын ямар албан тушаалтантай, цагдаагийн байгууллагын ямар албан тушаалтантай холбогдсон. Мөн шүүх байгууллагатай хэрхэн, яаж холбогдсон гэх зэргийг шалгаж өг гэдэг хүсэлт гаргана.

Би энд зориуд хэлмээр байна. Сүүлийн үед ЕТГ-ын дарга утсаа шүүрч аваад дуртай прокурор, дуртай шүүх рүүгээ ярьдаг болсон гэх яриа гадуур их байгаа. Би энийг бүүр зориуд хэлмээр байна. Энэ дээр ахиад гомдол мэдүүлэх гэж байгаа бол мэдүүл. Би гэхдээ тэрийг шалгуулна. Шалгуулаад цагдаагийн байгууллага, прокрорын газартай, шүүхтэй холбогдсон зүйл байхгүй бол би буруугаа хүлээхэд бэлэн. Харин би эх сурвалжийнхаа өгсөн мэдээллийг одоо шалгуулна.




Өнөөдөр морь өдөр

48 минутын өмнө