МҮБХ: Өмнөговь, Хэнтий, Налайх, Говьсүмбэр аймгуудын наадмыг хүчингүй болгох шийдвэр гаргалаа

МҮБХ: Өмнөговь, Хэнтий, Налайх, Говьсүмбэр аймгуудын наадмыг хүчингүй болгох шийдвэр гаргалаа

Маргааш аймаг, цэргийн барилдааны нээлт болох гэж буйтай холбоотойгоор аймаг, цэргийн бөхчүүдийн эрэмбийг яаралтай гаргах шаардлага үүсчээ.

Үүнтэй холбоотойгоор Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид өчигдөр хуралдаж Өмнөговь, Хэнтий, Говьсүмбэр, Налайх дүүргийн наадамд шөвгөрсөн бөхчүүдийг аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн эрэмбэд оруулахгүй байхаар шийдвэрлэжээ.

Учир нь өнгөрсөн жил бөхчүүдийн оноолтыг хийхдээ эрэмбийг зөрчсөн аймгуудад албан ёсоор сануулга өгсөн. Тиймээс бүх аймгуудын наадмын барилдааны материалыг энэ жил албан ёсоор татаж авсан байна. Гэтэл дээрх аймаг, дүүргүүд хоёрын давааны оноолтын бичиг баримтаа ирүүлээгүй. Мөн Өмнөговь аймаг болон Налайх дүүрэг нь хоёр болоод дөрвийн давааны оноолтыг дураараа өөрчилж зөрчил гаргажээ. Үүнийг эсэргүүцсэн зарим бөхчүүд МҮБХ-д гомдол ирүүлсэн байна. Энэ бүх шалтгаанаас болоод тус аймаг, нийслэлд шөвгөрсөн бөхчүүдийг аймаг, цэргийн бөхчүүдийн эрэмбэд оруулахгүй байхаар шийдсэн байна. 

Энэ талаар МҮБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтбаатар "Аймгуудын наадмыг цэгцэлсний дараа сумдын наадмыг цэгцлэх ажил руу орно. Сумдын наадамд эрэмбэ зөрчдөг үзэгдэл их гардаг болжээ. Үнэмлэх бичүүлээд ирдэг, нэг жилийн наадамд хоёр удаа цол олгодог байдлыг цэгцэлнэ" гэлээ.

Мөн тэрбээр Багаханагай дүүрэг 30 жилийн ойн баяр наадмаараа түрүүлсэн бөхдөө аймгийн арслан цол олгосон нь хууль бус үйлдэл гэж хэллээ.