Махны үнэ хямдарч хангамж тогтворжиж байна

Махны үнэ хямдарч хангамж тогтворжиж байна

Нийслэлийн иргэдэд 50 тонн шинэ махыг хямд үнээр  худалдааллаа. Тус үзэсгэлэн худалдааг Хан-Уул дүүргийн “Лавай” төвийн “Лавай” хүнсний худалдааны төвд зохион байгуулж,  нийслэлийн иргэдийг эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсээр хангаж, зах зээлийн доод үнээр бүтээгдэхүүнийг худалдааллаа. Үзэсгэлэн худалдаа нь малчид, хоршоодыг зах зээлд оролцох боломжийг нь бүрдүүлж, дотоодын үйлдвэрийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилготой байлаа.

 Нийслэлийн хэрэглэгчдийг дундын шат дамжлагагүй, хямд хүнсээр ханган ажилласан уг  үзэсгэлэн худалдаанд нийт  22 хоршоо, 21 малчин болон иргэн, 11 хөдөө аж ахуйн үйлдвэрлэгч нэгжүүд оролцлоо. Тухайлбал, Архангай, Сүхбаатар, Хэнтий, Баянхонгор, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл, Өмнөговь, Завхан, Дархан, Увс, Хөвсгөл аймгуудаас иргэд, хоршоод ирж оролцсон юм.  Үзэсгэлэн худалдааны 5 хоногийн туршид нийслэлийн иргэдэд 50 тонн шинэ мах худалдаалсан юм. Үнэ ханшийн хувьд үхрийн ястай махыг 8500, цул 9000-9500, хонины махыг бүтнээр нь 8500, жижиглэнгээр 7500, адууны мах 7000-7500, ямааны мах 6500-7500 төгрөгөөр тус тус борлуулсан.

Цаашид уг үзэсгэлэн худалдааг 10, 11-р сард  үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байгаа ба давтамжтайгаар зохион байгуулснаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл үүсэх эрсдэлийг багасгах, эрэлт, нийлүүлэлтийг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн зохиойн байгуулагчдын зүгээс үзэж байна.

Гарал үүсэл нь баталгаажсан, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн махыг зах зээлийн бодит үнээр буюу ченжийн оролцоогүйгээр борлуулж байгаад иргэд талархаж байлаа. Хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангасан мах худалдан авах боломжийг бүрдүүлсэн бүртгэлийн системийг Швейцарийн хөгжлийн агентлагийн  Ногоон алт малын эрүүл мэнд төслийн санхүүжилтээр Малын эмнэлгийн ерөнхий газар,  Дижитал медик компани, Юнител групп хамтран хэрэгжүүүлснээ энэ үеэр мөн хэрэглэгчдэд танилцууллаа. Гар утасны аппликейшн ашиглан худалдан авах махныхаа гарал үүсэл, эрүүл ахуйн баталгаатайтай танилцаж болох энэхүү системийг  өнгөрөгч 2017 онд Архангай аймгийн хоёр суманд туршиж, хэрэгжүүлсэн бөгөөд энэ онд 6 аймгийн 15 суманд хэрэгжүүлж байна.

ХХААХҮЯам зөвхөн махны өргөтгөсөн, төвлөрсөн худалдаа бус хүнсний ногооны үзэсгэлэн худалдааг ADRA, “Монгол ногоо төсөл”-ийн тариалан эрхлэгчтэй хамтарч зохион байгуулсан. Нийтдээ  25 нэр төрлийн бүтээгдэхүүнийг үзэсгэлэн худалдааны үеэр худалдаалсан.  8 тонн хүнсний ногоо, 195 ширхэг бүтээгдэхүүнийг энэ үеэр борлуулсан юм. Түүнээс гадна,  Цагаан идээ, жимс жимсгэнэ, арвайн гурил, зөгийн балаар 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр  аж ахуйн нэгж, иргэд үзэсгэлэн худалдаанд амжиллтай оролцож бүтээгдэхүүнээ борлуулсан байна.

ХХААХҮЯам, Хөдөө аж ахуйн биржээс махны үнийг  бууруулах шат дараатай ажлууд хийж, хэрэгжүүлж  байгаа бөгөөд ирэх 10 сард махны өргөтгөсөн худалдааг Төв аймагт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Мөн 11-р сарын дундуур Идэш арга хэмжээг нийслэл хотноо зохион байгуулах юм.