ХУУЛЬ: Ажлын байрны бэлгийн дарамтыг “Эрүүгийн гэмт хэрэг биш” гэж үздэг болгожээ

ХУУЛЬ: Ажлын байрны бэлгийн дарамтыг “Эрүүгийн гэмт хэрэг биш” гэж үздэг болгожээ

Дэлхийн 130 гаруй улс ажлын байран дахь бэлгийн дарамтыг хүний эрхийн ноцтой зөрчил гэж үздэг байна. Гэтэл манай улсад энэ талаарх ойлголт иргэдийн дунд тааруу байдгийн дээр эрх баригчид ялангуяа эрэгтэй улстөрч, шийдвэр гаргагчдын олонх нь үүнийг гэмт хэрэг байтугай зөрчил ч гэж үздэггүй.

Хүйсийн тэгш эрхийн төвөөс хийсэн судалгаагаар “Гурван хүн тутмын нэг нь ажлын байрандаа бэлгийн дарамтад өртөж, хохирогч болсон хэн нэгнийг мэддэг”, “Таван эмэгтэйн нэг нь өөрөө хохирогч болсон” гэх мэдээлэл бий. Үүнээс харахад л манай улсад ажлын байран дахь бэлгийн дарамт чимээгүй тахал шиг тархаж, хүний эрхийг ноцтой зөрчсөөр байна. Дан ганц эмэгтэйчүүд гэлтгүй эрэгтэйчүүд ч ажлын байрны дарамтад өртөж, улмаар хуульч өмгөөлөгчдөд хандан зөвлөгөө мэдээлэл авдаг тохиолдлууд цөөнгүй бий.

Харин 2015 онд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар ажлын байрны бэлгийн дарамтыг гэмт хэрэгт тооцдог болохоор баталж байв. Тодруулбал, Эрүүгийн хуульд 12.4 дүгээр зүйл буюу “Бэлгийн дарамт учруулах” гэсэн тусгай бүлэг оруулсан бөгөөд энэ дунд ажлын байрны бэлгийн дарамтыг гэмт хэрэгт тооцож, хүнд, хөнгөн хэлбэрээс нь шалтгаалан торгох, захиргааны арга хэмжээ авах, хорих хүртэлх хариуцлага тооцохоор тусгасан.

Улмаар 2015 онд баталж, мөрдөх хугацааг нь хойшлуулсан байдаг. Ингээд 2017 оны дөрөвдүгээр сард нэмэлт өөрчлөлт оруулах нэрийдлээр баталсан заалтаа буцаан хасч мөн оны долдугаар сарын 01-нээс хүчин төгөлдөр болгосон.

Ажлын байранд бэлгийн дарамт үзүүлсэн этгээдэд ямар хариуцлагыг хэн тооцох нь тодорхойгүй хоосон тунхаг төдий байсаар хэрэгжиж амжилгүй хасагдсан заалт:

12.4 дүгээр зүйл. Бэлгийн дарамт учруулах

  • 1.Хохирогчид ажил, албан тушаал, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгө, сэтгэл санааны, бусад байдлаар хохирол учруулах үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэж бэлгийн харьцаанд орох сэдлээ үг хэлээр, биеэр, өөр хэлбэрээр илэрхийлсэн, эсхүл бэлгийн харьцаанд орохыг шаардсан бол нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  • 2.Энэ гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн, эсхүл энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар хохирогчид дарамт учруулж бэлгийн харьцаанд орсон бол нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ зүйлийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Харин Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад ажлын байран дахь бэлгийн дарамтын талаар ийн тусгажээ.

Наймдугаар зүйл. Ажил мэргэжил, хөдөлмөрийн харилцаанд дарамтыг хориглох

  • 8.1. Хөдөлмөрийн харилцаа үүсэх, хөдөлмөр эрхлэх болон мэргэжлийн сургалтын явцад ажил олгогч, түүнд оролцогч гуравдагч этгээдээс ажилтан, буюу хувь хүнд, түүнчлэн ажилтан буюу хувь хүнээс ажил олгогч, гуравдагч этгээд, бусад ажилтанд дарамт үзүүлэхийг хориглоно.
  • 8.2. Ажил олгогч, ажилтан, гуравдагч этгээд хүсээгүй байхад бэлгийн сэдлээ үгээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлж Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан бэлгийн дарамт үзүүлэхийг хориглоно.
  • 8.3. Ажил мэргэжил, хөдөлмөрийн харилцааны хүрээнд дарамтад өртсөн гэж үзсэн хүн Хүний эрхийн үндэсний комисст гомдлоо гаргах эрхтэй.
  • 8.4. Ажил олгогч нь ажлын байранд дарамт гарахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гарсан гомдлыг шийдвэрлэх асуудлыг хөдөлмөрийн дотоод журамд тусгаж хэрэгжүүлнэ.

Тэгвэл ажлын байран дахь бэлгийн дарамт гэж чухам юу вэ. Нэгнийхээ биед хүрэх, тоглоом шоглоомоор өдөж хоргоох нь хамт олны дунд халуун дулаан уур амьсгал бүрдүүлдэг гэж хэлэх хүн цөөнгүй. Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд “Бэлгийн дарамт” гэж бусдыг хүсээгүй байхад нь бэлгийн сэдлээ үг хэл, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлсэн, эсвэл хурьцал үйлдэхээс аргагүй байдалд оруулсан мөн бэлгийн сэдлийн улмаас ажил, албан тушаал, эд материал, сэтгэл санааны болон бусад байдлаар хохироох үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэх, айлган сүрдүүлэх, тулган шаардах зэрэг үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ” гэжээ.

Ажлын байрны бэлгийн дарамт гэхээр зөвхөн, ажилтан ажил олгогч хоёрын хооронд болдог зүйл шиг ойлгодог. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын тодорхойлсноор хөдөлмөрийн харилцаа бол зөвхөн ажлын байранд өрнөхгүй, томилолт, тухайн байгууллагын чиг үүрэгтэй холбоотойгоор өөр газарт ажиллаж байх үед, дадлагажигч, зөвлөх, хөлсний болон гэрээт ажилтан хүртэл энэ дарамтад өртөх магадлалтай гэжээ.

Ажлын байран дахь бэлгийн дарамтад өртлөө гэхэд ХЭҮК-т гомдол гаргахаар өөрөөр хууль, шүүхийн байгууллагад хандах боломжгүй нь хүний эрхийг ноцтой зөрчсөн асуудал болохыг энэ чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг. “Гэмт хэрэг биш юм гэхэд, зөрчил хэмээн үзэж хариуцлага тооцох хууль эрх зүйн орчин манай улсад дутагдалтай байна. Энэ асуудлыг хүний ухамсарт найдан үлдээж болохгүй. “Бэлгийн дарамт учруулсан ч хариуцлага тооцох механизм байхгүй юм чинь” гэж эрх мэдэлтнүүд улам даварсаар байх уу.